Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мэдрэгчтэй хана, шалаар тоноглогдсон зочид буудал нээгджээ

Техник технологийн үсрэнгүй хөгжил үйлчилгээний салбарын өнгө төрхийг ч үндсээр нь өөрчилж байна. Энэ оны гуравдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо нээгдсэн

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдрэгчтэй хана, шалаар тоноглогдсон зочид буудал нээгджээ
Мэдрэгчтэй хана, шалаар тоноглогдсон зочид буудал нээгджээ. Зураг: МҮОНРТ

Техник технологийн үсрэнгүй хөгжил үйлчилгээний салбарын өнгө төрхийг ч үндсээр нь өөрчилж байна. Энэ оны гуравдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо нээгдсэн “Ренессанс Мидтаун” зочид буудал хөлний товшилт, гарын хөдөлгөөнд мэдрэг хана, шалаар тоноглогджээ. 348 өрөөтэй, хамгийн орчин үеийн шийдэл бүхий энэ буудлын дижитал хана, шалан дээрх хивс зочид дамжин өнгөрөх үест зургаа өөрчилдгөөс гадна энэ зурагтайгаа нийцсэн дуу чимээ гаргадаг байна. Зочин эдгээр хана шалаар дамжуулан төрөл бүрийн мэдээллийн баазад ч нэвтрэх боломжтой.

Ингэхийн тулд нэн түрүүнд тойргоор хүрээлэгдсэн хөлийн дүрсийг хайж олох хэрэгтэй гэнэ. Энэ дүрсэн дээр гишгэснээр ханан дээр зочилж болох түүхэн дурсгалт цэг, үзвэр үйлчилгээний газрын талаарх мэдээллийн бааз идэвхждэг байна. Эдгээрээс үйлчлүүлэгч гарын энгийн хөдөлгөөнийг ашиглан дэлгэрэнгүй мэдээллийг сонгон үзэж болно. Энэхүү интерактив бааз өдөр тутам мэдээллээ шинэчилдгээрээ мөн онцлогтой.

Энэ үйлчилгээ цоо шинэ учраас үйлчлүүлэгчдийг хэрэглэж дадуулахын тулд зочид буудлынхан урамжуулалт заавар ашиглаж байна. Эдгээр зааврыг дагаснаар зочид буудлын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрх нээгддэг юм. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбарт өрсөлдөөн ширүүсч, зочид буудлууд ч өөрийн ялгарах өвөрмөц онцлог бүхий үйлчилгээний эрэлд гарсан. “Ренессанс Мидтаун” зочид буудлын хувьд технологийн хорхойтнууд гэгдэж байгаа шинэ үеийн залуучуудын хувьд очих дуртай газар нь болно гэдэгт буудлын эзэд эргэлзэхгүй байна.

Мөн үйлчлүүлэгчдэд нь төрсөн өвөрмөц, гайхсан сэтгэгдэл өөр олон зочныг “Ренессанс Мидтаун” руу татах сайн сурталчилгаа болж, тус буудал хурдан хугацаанд өндөр ашигтай ажиллаж эхлэх хүлээлттэй байгаа юм.

Хуваалцах