Мэн Ваньжоу Канадын засаг захиргааны эсрэг иргэний нэхэмжлэл гаргалаа
Хятадын мэдээлэл харилцааны технологийн “Хуавэй” компанийн Санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоу Канадын засаг захиргааны эсрэг иргэний нэхэмжлэл гаргалаа.
Мэдээллийн алба

Хятадын мэдээлэл харилцааны технологийн “Хуавэй” компанийн Санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоу Канадын засаг захиргааны эсрэг иргэний нэхэмжлэл гаргалаа. Тэрбээр Канадын хилийн болон цагдаагийн алба, Засгийн газрыг өөрийг нь хууль бусаар саатуулсан, Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн гэж буруутгажээ.
Мөн энэ хэрэгт хамаарал бүхий эрх бүхий албан тушаалтнуудад зохих шийтгэл хүлээлгэх, саатуулсантай нь холбоотой үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсан байна. Мэн Ваньжоу нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд саатуулагдсан юм.
Түүнийг АНУ-ын хүсэлтээр Канадын засаг захиргаа баривчилжээ. АНУ-аас “Хуавэй” компани болон Санхүү эрхэлсэн захирлыг үйлдвэрлэлийн тагнуул хийсэн, Ираны эсрэг хоригийг зөрчсөн зэрэг 23 зүйл заалтаар буруутгаад байсан юм. Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэх асуудлаар энэ сарын 6-нд сонсгол явуулах юм байна.


















