Мэндчилгээ
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаар тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын хоёр дах Ням гарагийг Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр болгох тухай шийдвэрлэсэн билээ.
Мэдээллийн алба

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-т зориулсан Эрүүл мэндийн сайдын мэндчилгээ
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаар тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын хоёр дах Ням гарагийг Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр болгох тухай шийдвэрлэсэн билээ.
Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Монгол хүн бүрийг эрүүл, аз жаргалтай байлгахын төлөө чармайж, цаг наргүй хөдөлмөрлөж байдаг эрүүл мэндийн салбарын үе үеийн нийт эмч, ажиллагсдад Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, нийт ажилчид Та бүхэн Монголын зон олны эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдний өвчин эмгэгийг эмчлэн, сэргийлэх ариун үүргээ биелүүлэхийн төлөө өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж, чин сэтгэлээсээ ажиллаж байдагт талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний “Эрүүл чийрэг монгол хүн” бүрэлдэхүүн хэсгийг эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтэн, ажилтан ажилчид, удирдах ажилтнууд, нийт ард иргэдтэйгээ хамтарч хэрэгжүүлж буй түүхэн хариуцлагатай энэ цаг үед та бид Эрүүл мэндийн ажилтны алдрын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Эрүүл мэндийн яамнаас 2012-2016 онд эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг хийхээр төлөвлөж, шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн гол цөм нь үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүйгээр үзүүлэх, эрүүл мэндийн бүх байгууллагуудад хариуцлага хяналтыг сайжруулах явдал юм. Эрүүл мэндийн салбарт өндөр технологи бүхий оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч ажиллагсдыг сургах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар байнга анхаарал тавьж, эрүүл мэндийн байгууллагуудад “Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ”-г нэвтрүүлж эхэлсэн.
Ард, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагын бүх шатанд сайжруулахаар чармайн ажилласны үр дүнд иргэдийн эмнэлгээр үйлчлүүлэх хүлээгдэл, чирэгдэл 30-70 хувиар буурч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж сайжран, Монголд эмчлэгдэх боломжгүй олон өвчнүүдийг оношилж, эмчлэх боломжийг бүрэлдүүлээд байгаа сайхан үр дүнтэйгээр бид салбарын ажилтны өдрөө тэмдэглэх гэж байна.
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, олон үйл ажиллагаа зохион байгуулан, үүнд та бүхэн чармайн ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа мянга, мянган эмч, эмч эмнэлгийн ажиллагсдын хичээл зүтгэлээр эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч хувь хүний хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэйгээр олон нийтийн дунд эрүүл мэндийн салбар, ажиллагсдад итгэх итгэлийг алдагдуулсан цөөнгүй тохиолдлууд гарсныг дурдахгүй байхын аргагүй юм. Иймээс хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж буй эмнэлгийн ажилтан бүр ёс зүйг дээдлэн, хариуцлагыг туйлаас эрхэмлэн ажиллаарай хэмээн захиж хэлмээр байна.
Та бид хүний төлөө гэсэн нинжин сэтгэлээ дээдлэн, олон түмний сайн сайхны төлөө хамтдаа зүтгэж, өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлвэл Монгол хүн бүрийг эрүүл байлгаж чадна. Иймээс Монгол хүн бүрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, хариуцлагатай ажиллаж, хүн бүрт аз жаргал бэлэглэхийн төлөө чармайн ажиллацгаая.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал


















