Мэндчилгээ
Эрхэм уншигч, сонсогч, үзэгч та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Улиран одож буй 2015 он бидний хувьд алдаа оноо, ололт амжилт хослосон их бүтээлийн жил байлаа. Энэ хугацаанд Үндэсний олон нийтийн цахим хуудас
Мэдээллийн алба

Эрхэм уншигч, сонсогч, үзэгч та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Улиран одож буй 2015 он бидний хувьд алдаа оноо, ололт амжилт хослосон их бүтээлийн жил байлаа. Энэ хугацаанд MNB.mn сайтын сэтгүүлчид бид онлайн мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээллийг бий болгож, хэрэглэгчдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн ажилласаар ирсэн. 2015 он бидний хөдөлмөрийг үнэлж, цаашдын хийхээр төлөвлөж буй ажил бүтээлийн урам хайрласан жил байв.
Үүний илрэл нь Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг "Гранд Экспо-2015" санал асуулгын нэгдсэн дүнгээр хэвлэл мэдээллийн салбарт MNB.mn сайт шилдгүүдийн нэгээр тодорлоо. Мөн эгнээндээ 212 гишүүн сайтыг багтаасан Монголын Сайтын Холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Web awards” цахим салбарын оны тэргүүн наадмаас MNB.mn сайтыг "Шилдэг дебют сайт"-аар тодрууллаа.

Мэдээллийг үнэн бодитой, түргэн шуурхай хүргэсээр ирсэн манай хамт олон дотоодын болон дэлхий дахинаа болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй уншигч танаа өргөн барихыг хичээн ажиллаж байна. Ирж буй 2016 онд ч энэ чиг баримжаа, олон нийтийн статусаа үл умартан ажиллах болно.
Мэдээллийн эрэн зуунд амьдарч буй эрхэм хүмүүн таныг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад вэб сайтуудын гүйцэтгэх үүрэг их. MNB.mn сайтаас та Монголын Үндэсний Олон нийтийн Радиогийн нэвтрүүлгүүдийг сонсож, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн нэвтрүүлгүүдийг үзэхээс гадна “Монголын мэдээ” сувгийн цаг тутмын мэдээг хүлээн авах боломжтой юм. Түүнчлэн манай сэтгүүлчдийн бэлтгэж нийтэлсэн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг унших боломжтой.
Бидэнтэй хамт байж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншиж, санал бодлоо харамгүй хуваалцсан эрхэм уншигчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, шинэ оны мэнд дэвшүүлье.
MNB.mn сайтын редакци


















