Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Миний Монгол-Мөнхийн Монгол

Өнөөдөр бид Тусгаар тогтносон улсын иргэн гээд цээжээ дэлдэж, алив сайн муу бүх зүйлд дур зоргоороо аашлах нь олонтаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Миний Монгол-Мөнхийн Монгол
Миний Монгол-Мөнхийн Монгол. Зураг: МҮОНРТ

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойд зориулсан УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэлийн уралдаанд-

Эх орон гэж юу вэ?. Таны хувьд эх орон гэж хэн бэ?... Энэ асуултад хүн бүхэн өөр өөрийнхөөрөө хариулна. Гэхдээ эцсийн бүлэгт нарны түмэн цацраг нэг тэгээс орчлон дүүрэн сацардгийн адил нэг л гортиг дээр зам нийлнэ.

Өнөөдөр бид Тусгаар тогтносон улсын иргэн гээд цээжээ дэлдэж, алив сайн муу бүх зүйлд дур зоргоороо аашлах нь олонтаа. Ингэх нь нэг талаараа байж болох ч энэ тусгаар тогтнол, туурга тусгаар улсыг бидний өвөг дээдэс хар хөлс, улаан цусаа урсган, амь биеэ үл хайрлан байж үлдээсэн гэдгийг бүү мартаасай.

Монголчуудын Тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь 1650-аад оноос эхлэн 1946 он хүртэл хэд хэдэн үе шатаар явагдсан түүхтэй. ХХ зууны эхээр Манж Чин улсын хүч бууран хэзээ мөдгүй унах нь илэрхий болсон. Энэ үед Манжийн колоничлол улам бүр ширүүсч Монгол үндэстнийг шууд устгах бодлого явуулж эхэлсэн тул Богд Гэгээн болон Монголын ноёд Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхэлжээ. Ийнхүү 1911 оны 12 сарын 29-нд Богд Хаант Монгол Улсыг байгуулан Манжаас бүрэн тусгаарласан. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон дарангуй цэргүүдийг 1911-1912 онуудад Монгол цэргүүд шахан хөөж, улмаар Өвөр Монголыг чөлөөлөх аянд мордон “Хаалган” хүртэл давшсан “Таван замын байлдаан”-ыг Хаант Орос, Хятад хоёр орны шахалтын улмаас зогсоон бусад Монголчуудаа нэгтгэж чадаагүй билээ. Гэхдээ Монголчууд энэ урт замыг туулахдаа ямар их зовлон зүтгүүр амсаж байсныг мартах учиргүй ээ.

Харь гүрний дарлалд хоёр зуун жил болж, өөрсдийн хүч хөдөлмөр, эр бяраар тусгаар тогтнолтойгоо залгасан бид хөгжин цэцэглэх замын хүзүүгээр төгсөшгүй үргэлжлэх он цагийг элээн торнисоор 110 жилийн нүүр үзэж байна.

Монгол үндэс угсаатан хэдэн мянган жил оршин тогтнохдоо сэргэн мандаж, их гүрний эрхшээлд орсон гээд унаж босож явсан сайн муу арвин түүхтэй. Тэртээх он цагаас хойш хэнд ч дорд үзэгдээгүй, дарлагдаагүй авч үлдсэн энэ тусгаар тогтнол бол бидний энх мөнх оршин байхын гол түлхүүр, хөгжин дэвшихийн их гүүр мөнөөсөө мөн билээ.

Бид “үнэ цэнэтэй” зүйлийнхээ үнэ цэнийг төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэд залуус дэлхийн бусад улс оронд дэлгэрч буй соёл, хөгжлийг дуурайх, дагах нь байж болох л зүйл. Гэхдээ гадаад улсын соёл, хөгжилд хэт автвал бид юу болох вэ?. Бидэнд хэдэн зуун мянган жилээс нааш өвлөгдөн ирсэн биет болоод биет бус өв соёл, газар шороо, нутаг ус, уул мод байна. Үүнийгээ бид хэрхэн хамгаалах вэ?, үүнийгээ бид хэрхэн хөгжүүлэх вэ?... энэ талаар бодохгүй сэтгэхгүй бол бидний тусгаар тогтнол, эрх чөлөө яахсан билээ дээ...Улс орон хичнээн газрын баялаг, эрдэстэй байлаа гээд түүнийгээ эзэн мэт хайрлан хамгаалж, захиран зарцуулж эс чадвал бидний өнөөдөр магтан дуулж, уран шүлэглэж буй тусгаар тогтнолын их багана ганхана биз ээ...

АУЗ, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж “Тусгаар тогтнол” хэмээх алдарт шүлэгтээ...

...Нүүрэнд нь гал бадарсан

Монгол эцгийн хийморь дээр

Нүнжгэнд нь нар гэрэлтсэн

Монгол эхийн сэтгэл дээр

Нүүдлийн өргөөнд нэгдсэн

Монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан

Монгол улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!... хэмээн яруухан бөгөөд бадрангуй тэрлэсэн нь бий. Бидний ахмад үеийнхэн 1961 онд эх орноо “НҮБ”-д элсүүлж, тэр цагаас дэлхийн бүх орон “Монгол” гэх нэр цэнхэр гариг дээр Тусгаар тогтносон улс болохыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм аа. Хэдэн мянган эрэлхэг хөвгүүдийн халуун амь, бүлээн цусаар өнөөдрийн бидэнд энэ Тусгаар тогтнол, эрх чөлөө ирснийг, эх орон тусгаар хийгээд бусдаас хараат бус байхын жаргал, үнэ цэнийг үр хойчдоо үеийн үед захин сануулах цаг нэгэнт болжээ. Эх оронтой, эх орон нь тусгаар улсын иргэн л эрх дураараа энэ орчлонг туулна. Тиймээс эх орноо Мөнх оршин тогтноохын үндсийг үеийн үедээ бэхжүүлэх нь “Тусгаар тогтнолын үнэ цэн” эрдэнэ мэт нандин байхын нэр билээ л ...

Миний Монголын хүчит далбаа Дэлхийн дээвэрт үүрд мандан бадраг ээ...

Монголын радиогийн редактор Доржнамжилын Мөнхзул

Хуваалцах