МХБХ “АХБХ-ны В зэрэглэл”-ийн дасгалжуулагчдыг дотооддоо бэлдэж байна
Энэ удаад АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлүүдийн нэг бол чадварлаг дасгалжуулагч гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Тиймдээ ч МХБХ-ны зүгээс "Урт хугацааны стратеги төлөвлөгөө 2020-2028" хөтөлбөрийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд дасгалжуулагчдынхаа боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, клубээр дамжуулан санхүүгийн хувьд дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Энэ удаад АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна.
Сургалтад 17 оролцогч, хоёр ажиглагч хамрагдаж байгаа бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан зохион байгуулж буй.
АХБХ-ноос Япон Улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж буйг дуулгах нь зүйтэй.
Энэхүү сургалт нь гурван үе шаттай ба эхний шат энэ сарын 25-нд дууссан бол хоёр, гуравдугаар шат ирэх аравдугаар сард явагдах аж.
АХБХ-ны В ангиллын сургалтад сууж, зэрэглэлээ ахиулахаар хичээнгүйлэн суралцаж байгаа дасгалжуулагчдад МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, амжилт хүслээ.


















