Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

MNB.MN онцлож байна

Өнгөрч буй долоо хоног улс орны хэмжээнд үйл явдал арвинтай байлаа. Долоон ес эхлэж довын толгой борлох өдрүүдийг хүлээсэн хүн олон байсан ч өнгөрөгч долоо хоног харьцангуй сэрүүн байж хүйтэн өдөр давамгайлав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
MNB.MN онцлож байна
MNB.MN онцлож байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрч буй долоо хоног улс орны хэмжээнд үйл явдал арвинтай байлаа. Долоон ес эхлэж довын толгой борлох өдрүүдийг хүлээсэн хүн олон байсан ч өнгөрөгч долоо хоног харьцангуй сэрүүн байж хүйтэн өдөр давамгайлав. Долоо хоногийн эхээр монголчуудын уур ундууцлыг хүргэсэн нэг мэдээлэл тархсан нь уран зохиолын хичээлийг Ерөнхий боловсролын сургуулийн программаас хасах тухай яриа байсан юм. Тодруулбал, БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан яриа монгол хэл, бичиг, уран зохиолыг дээдэлдэг эрдэмтэд хийгээд монголчуудын дургүйцэлтэй тулгарсан билээ.

Монгол түмэн улс үндэстнийхээ аюулгүй байдлын баталгаа болох эх хэлээ хамгаас эрхэмлэн дээдэлдэг болохыг цахим сүлжээнд өрнөөд буй олныг хамарсан энэ шуугианаас харж болохоор байв. Монголчууд дээрх үйл явдлаас эх хэлээ хэнбугайгаар ч оролдуулахгүй шүү гэсэн хатуу сануулгыг Б.Насанбаярт өгсөн бол салбарын сайд болон яамны зүгээс “Уран зохиолын хичээлийг хасахгүй. Харин ч цаг нь нэмэгдэж байгаа” гэсэн хариултыг өгөөд байна. Уран зохиолын хичээлийг тойрсон ярианд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар хариулт өгч “Уран зохиол байхгүй бол ухаан санаа хоосорно” гэдгийг сануулав. Дээрх үйл явдал хариуцлагагүй албан тушаалтны хариуцлагагүй үг ямар их хор дагуулж мэдэхийг сануулсан бол Б.Насанбаяр сэтгүүлчтэй буруу ойлголцсон байна гээд монголчуудаас уучлал эрсэн юм.

Тэсгим хүйтнийг үл ажран тээвэрчид Зам тээврийн яамны үүдэнд өлсгөлөн зарласан үйл явдал өнгөрсөн долоо хоногт болов. Салбарын яамтайгаа ойлголцолд хүрээгүйн улмаас “Дорнын саруул тал”, “Арвин шар зам” хоршооны тээвэрчид хугацаагүй өлсгөлөн зарлаад байсан билээ. Тээвэрчид пүрэв гарагт өлсгөлөнгөө зогсоолоо.

“Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд шатахууныхаа үнийг 40-50 төгрөгөөр нэмэгдүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн онцлох сэдэв байлаа. Үнэ нэмсэн шалтгаан нь өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу Монголбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт дууссантай холбоотой аж. Тиймээс он гарсаар шатахууны үнийг Засгийн газрын зүгээс барих боломжгүйд хүрсэн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнийн өсөлтийг судална гэсэн мэдээлэл өгсөн бол ШӨХТГ-ын дарга О.Магнай “Шатахууны нэмэгдлийн талаар манайд мэдээлэл өгөөгүй. Бид Газрын тосны газартай уулзалт хийнэ” гэх тайлбарыг хийлээ.

Үйл явдал арвинтай долоо хоногийн өөр нэг онцлох явдал нь “Люмино” хамтлагийн дуучин Баажий дарамтанд өртөн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Хууль сайд Х.Тэмүүжинээс тусламж хүссэн үйлдэл байлаа. Хууль зүйн сайд Баажийгийн жиргээний хариуд “Цагдаад гомдол гаргаад өгчих. Хаана өгснөө наашаа бас мэдэгдээрэй. Ийм зүйл дээр хатуу байх ёстой” гэж тайвшруулсан байв. Цахим ертөнцөд өрнөсөн дээрх үйл явдлын талаар дуучин Баажий “Энэ бол хувь хүний асуудал. Жаахан үл ойлголцох байдал гарсан юм. Энэ талаар би дэлгэрэнгүй мэдээлэхгүй” гэснээр шуугиан намжаад байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болох олимпийн өвлийн наадам хойд хөршийн Сочи хотноо амжилттай үргэлжилж байна. Олимпийн наадамд Ази тивээс оролцсон 18 орны нэг нь манай улс. Монгол Улсаа төлөөлж гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар оролцож байгаа билээ. Олимпийг зохион байгуулах комиссоос наадамд оролцож байгаа тамирчид болон улсуудыг олон нийтийн цахим хуудсуудаар хэр олон дэмжлэг авч байгааг нь тодруулсан байна.

Өнгөрөгч пүрэв гарагт манай улс эл жагсаалтыг тэргүүллээ. Тодруулбал, Монгол Улс 13.827 лайк авч 10.804 лайк авсан ОХУ-ын багийн өмнө бичигдсэн юм. Тамирчдын жагсаалтын нэгдүгээрт, Филлипин улсын уран гулгалтын тамирчин Майкл Кристиан 4021 лайктай бичигдсэн бол манай улсын тамирчин ОУХМ Б.Бямбадорж 3034 лайктай хоёрдугаар байрт бичигдэв. Мөн манай тамирчин Ч.Отгонцэцэг 2485 лайктай дөрөвдүгээр байрт бичигдсэн юм. Манай улсын идэвхтэй үзэгчид эх орноо төлөөлөн тус олимпт оролцож буй хоёр тамирчныхаа уралдах өдрийг тэсэн ядан хүлээж байсан. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын сонгомол тэшилтийн 10 км-ийн уралдаан боллоо. Тус уралдаанд манай тамирчин Ч.Отгонцэцэг 75 орны тамирчнаас 70 дугаар байрт оров. Харин баасан гарагийн орой гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдсөн ОУХМ Б.Бямбадорж 48:29.6 минутийн амжилтаар 80 дугаарт барианд орсон юм.

Хаврын тэргүүн сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиов. Монголчууд ирж буй жилийнхээ цээрийг арилгахаар засал номоо шинийн арван тавны дотор хийлгэдэг уламжлалтай. Энэ нь “Шинийн арван тавны дотор үйлдсэн буян хишиг арвидаж, олз омог ихтэй жил болно” гэх бурхны шашны сургаалд итгэдэгтэй холбоотой юм.

Мөн энэ өдөр Гэгээн Валентиний өдөр буюу монголчуудын хэлж заншсанаар Хайрын баяр тохиолоо. Эл баярт зориулж хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам болж өндөрлөлөө. Тус наадмын тэргүүн байрыг Э.Энхболд /Өдрийн сонины сэтгүүлч, залуу яруу найрагч/, дэд байрыг Н.Минжинсайхан /МЗЭ-ийн гишүүн, залуу яруу найрагч/, гуравдугаар байрыг Т.Дарханхөвсгөл / МЗЭ-ийн гишүүн, залуу яруу найрагч / эзэллээ. Харин тусгай байрт Д.Сосорбарам /залуу яруу найрагч/, Э.Гантулга /залуу яруу найрагч/ нар орлоо.

Хуваалцах