Монгол, Францын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
Мэдээллийн алба

Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч нарын Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурав. Тус Хамтарсан мэдэгдэл нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ирээдүйн зорилт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичиг юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
-Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр;
-Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Кино дүрсний үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хоорондын хэлэлцээр;
-Үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны эрмэлзэх бичиг зэрэгт хоёр талын холбогдох албаны хүмүүс тус тус гарын үсэг зурав.


















