Монгол, Францын Засгийн газрын II хуралдаан болно
Монгол Улсын гуравдагч хөрш болох Франц улсад Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгөх, хоёр орны харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Засгийн газар хоорондын ажлын хэсэг 2013 онд байгуулагдсан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын гуравдагч хөрш болох Франц улсад Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгөх, хоёр орны харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Засгийн газар хоорондын ажлын хэсэг 2013 онд байгуулагдсан юм. Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнгөрсөн онд Парис хотноо болж, II хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон байна.
Товын дагуу энэ сарын 8-нд Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн II хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан хуралдаанд Монголын талын баримтлах удирдамжийг баталж, бэлтгэл ажлыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуягт хариуцууллаа. Хуралдаанаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, соёлын салбарын харилцааны тодорхой асуудлуудаар санал солилцох юм.
Ажлын хэсгийн II хуралдааныг Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл даргалахын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Үйлдвэр, хөдөө аж ахуй болон Уул уурхай, эрчим хүчний сайдуудтай уулзах хүсэлт гаргаад байна.


















