Монгол хулан жороо шувууны дуу тухай өгүүлэл “Podoces” сэтгүүлд нийтлэгдэв
судлаачид өдгөө “Галбын говийн монгол хулан жорооны үүрлэх орчны сонголт” сэдэвт өгүүлэл дээр ажиллаж байгаа юм
Мэдээллийн алба

Дэлхий дээр Төв Азийн говь, цөлөөр тархсан дөрвөн зүйлийн хулан жорооны дуу авиа нь тэдний ангилал зүйд ашиглагдаж, төрлийн түвшинд хэрхэн ялгагдаж байгаа тухай Монголын шувуу хамгаалах төвийн хамтын өгүүлэл Төв Азийн “Podoces” сэтгүүлд нийтлэгджээ. Тодруулбал, Монгол хулан жороо шувууны дуу авианы мэдээг 2017 онд гүйцэтгэсэн хээрийн судалгааны үеэр цуглуулж, бусад гурван зүйлтэй нь харьцуулсан авианы анализыг Оросын ШУА-ийн Экологи, эволюцын Северцовын хүрээлэнгийн судлаач Опаев гүйцэтгэсэн юм байна.
Түүнчлэн өмнө нь Казахстаны “Селевина” сэтгүүлд монгол хулан жорооны үржлийн биологийн өгүүлэл мөн нийтлэгдэж байсан бөгөөд уг өгүүлэлд энэ зүйл хулан жороо, Иран, Туркменстанд байдаг хоёр зүйлийн хулан жороо шувууны төрлийн түвшинд ялгагдах онцлогуудыг дурдаж байжээ.
Түүнчлэн Монголын шувуу хамгаалах төвийн монгол хулан жорооны үржлийн үеийн зан төрхийн тухай өгүүлэл МУИС-иас эрхлэн гаргадаг Монгол орны Биологийн шинжлэх ухаан сэтгүүлд энэ оны эхээр нийтлэгдсэн. Тэгвэл дээрх судлаачид өдгөө “Галбын говийн монгол хулан жорооны үүрлэх орчны сонголт” сэдэвт өгүүлэл дээр ажиллаж байгаа юм.


















