Монгол, Хятадын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хурал боллоо
Энэ удаагийн хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэргийг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны ажлын хэсгийн 6 дугаар хурал энэ сарын 24–ний өдөр Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэргийг хэлэлцлээ. Мөн Монгол Улсад малын гоц халдварт өвчнөөр тайван бүс бий болгох, хил дамнасан малын өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцон хурлын протоколд гарын үсэг зурав. Энэхүү хурал нь хоёр орны дээд хэмжээний харилцан айлчлалын дараахан зохион байгуулагдаж, Монгол-Хятадын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр болон Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой боллоо. Тус хурлыг 2002 оноос хойш хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсний дагуу дараагийн хурлыг Монгол Улсад 2016 онд зохион байгуулахаар тохиролцов.


















