Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиолоо

Энэ сарын 15-18-ны хооронд Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл Мехико хотноо ажиллаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд урлаг соёлын арга хэмжээ зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиолоо
Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиолоо. Зураг: МҮОНРТ

Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Энэ сарын 15-18-ны хооронд Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл Мехико хотноо ажиллаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд урлаг соёлын арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Элчин сайд Б.Алтангэрэл Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказатай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцав. Талууд манай хоёр орон газар зүйн байршлын хувьд алс оршдог ч даяаршил, технологийн дэвшлийн ачаар орон зайн саадыг даван туулж чадна гэдэгт санал нэгтэй байгааг тэмдэглэж, хоёр орон хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах, Монголчууд Мексикийн аялал жуулчлал, уул уурхайн салбарын туршлагаас суралцах эрмэлзэлтэй байгааг нотлов.

Элчин сайд Мексикийн Гадаад хэргийн сайд Хосе Антонио Мидэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн мэндчилгээг уламжилж, 40 жилийн ойд зориулж дурсгасан Гэрэгэг Дэд сайд К.Иказад гардуулсан юм. Түүнчлэн Мексикийн ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академийн төв байранд зураач Д.Цолмонгийн “Монгол хийморь” нэртэй уран зургийн үзэсгэлэн гаргаж, түүний 50 орчим бүтээлийг тавьж сонирхуулсан. Үзэсгэлэнгийн нээлт дээр Нарны циркийн жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Л.Баясгалан, уран нугараач Г.Энхгэрэл, морин хуурч Б.Төрхүү нар Монгол ардын дуу хуур, бүжиг, уран нугаралтын үзүүлбэр тоглолт үзүүлсэн нь уригдсан зочдын талархлыг хүлээлээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн нээлтэд Мексикийн парламентын гишүүд, ГХЯ, Соёлын яам, Аялал жуулчлалын яамны удирдах албан тушаалтнууд болон манай улстай хамтын ажиллагаатай байгууллага, хувь хүмүүс, Мексикт аж төрдөг монголчуудын төлөөлөл зэрэг 200 шахам зочин оролцлоо.

Хуваалцах