Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” батална

УИХ-ын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар өнөөдөр хэлэлцээ хийсний дараа хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” батална
“Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” батална. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар өнөөдөр хэлэлцээ хийсний дараа хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, миний урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс Оросын Холбооны Улстай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд манай хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын парламент хоорондын идэвхтэй харилцааг өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад 2014 оны 9 дүгээр сард ажлын айлчлал хийсэн. Үүний өмнө буюу 2014 оны 6 дугаар сард ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улсад албан ёсоор айлчилсан.Хоёр орны хооронд өндөр, дээд түвшинд ярилцсаны дагуу “Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр талууд ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг энэ онд болох дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр хийсэн хэлэлцээрийнүеэр Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим тодорхой асуудлын шийдлийг урагшлуулах, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар ярилцсан хэмээгээд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкины айлчлалд амжилт хүсэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улсад айлчлахыг урьсанд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод талархаж байна гээд Оросын Холбооны Улсын хувьд Монгол Улс нь тэргүүний ач холбогдолтой хөрш улс юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа уламжлалт сайн хөршийн харилцаанд үндэслэж, өргөн хүрээний хамтын ажиллагаа гүн гүнзгий хөгжиж ирсэн. Түүнчлэн эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны асуудлаар манай хоёр орон адил төстэй байр суурь баримталдаг бөгөөд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болохуйц улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй. Өнөөдрийн хэлэлцээрийн явцад хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, түүний дотор парламент хоорондын болон улс хоорондын худалдаа эдийн засгийн, хүмүүнлэгийн салбарын асуудлыг хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.

Хуваалцах