Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компани байгуулна
Манай улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавин ажиллаж байгаа.
Мэдээллийн алба

Манай улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавин ажиллаж байгаа. Энэ дагуу Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь их далайн баялгаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт Зам тээврийн яамнаас Бүгд Найрамдах Солонгос Улсын далайн тээврийн компанийн хөрөнгө оруулалттай далайн тээврийн хамтарсан компани байгуулах санал ирүүлжээ. Үүнийг нь өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна. Ингэснээр тус яамны харьяа Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын далайн тээврийн компанийн хөрөнгө оруулалттай Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон Төрийн өмчийн хороонд зөвшөөрчээ.


















