“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шилдгүүд тодорлоо
Өнөөдөр Их Чингисийн талбайд Нийслэлийн ЗДТГ- аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой,
Мэдээллийн алба

Өнөөдөр Их Чингисийн талбайд Нийслэлийн ЗДТГ- аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, алба хаагчид, иргэд, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, байгууллагын алба хаагчид, цэргийн алба хаасан иргэд, ОХУ-ын Москва хотод болсон Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн, ОХУ-ын Анкарск хотод болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ёслолын парадад оролцсон Батлан Хамгаалах Их Сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдрийг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол цэргийн жавхаа уралдааныг анх цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн алба хаасан залуучуудад хүндэтгэл үзүүлж зохион байгуулж байсан. Зэвсэгт хүчин, нийслэлийн зүгээс цэргийн алба хаасан залуучуудаа хүндлэн өргөмжилж, цэрэг эрсийн сүр жавхааг илтгэн харуулахад чиглэгдсэн арга хэмжээ юм. “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдаанд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж байгаа Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэлээ.
“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шилдгүүдээр дараахь ангиуд шаргарлаа. Үүнд:
Тэргүүн байр – Хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар анги “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Дэд байр – Бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэл
Гутгаар байр – Хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Тусгай байр – Дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнаж урамшууллаа.
Энэ мөчид Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа – 2015” үдшийн цэнгүүн үргэлжилж байна. Мөн 22:00 цагт ёслолын буудлага болж, дараагаар нь үлээвэр хөгжимтэй нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулагдана.


















