“Монгол цэргийн жавхаа” шилдгүүдээ тодрууллаа
“Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн байрт Зэвсэгт хүчний 120 дугаар анги, дэд байрт Хилийн цэргийн 0151 дүгээр анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 353 дугаар анги, тусгай байрт Хилийн цэргийн 0164 дүгээр анги шалгарлаа.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Төгсгөлийн шалгаруулалтад шалгарсан есөн анги өнгөрсөн бямба гарагт Их эзэн Чингис хааны талбайд жагсаалын үзүүлэх тоглолтоо хийж шилдгүүд тодорлоо.
“Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн байрт Зэвсэгт хүчний 120 дугаар анги, дэд байрт Хилийн цэргийн 0151 дүгээр анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 353 дугаар анги, тусгай байрт Хилийн цэргийн 0164 дүгээр анги шалгарлаа.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу уралдааны тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг хоёр өрөө орон сууцаар шагнаж, тус ангиудад үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл олголоо. Харин тусгай байрт шалгарсан ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл, дөрвөн сая төгрөгөөр урамшууллаа.
“Монгол цэргийн жавхаа” уралдааны үеэр Улаанбаатар цэргийн хүрээний 2014 оны нэгдүгээр ээлжээр халагдаж буй хугацаат цэргийн алба хаагчдыг халах үйл ажиллагааг хамтатган зохион байгууллаа. Мөн халагдсан дайчдыг ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад бүртгэх ажлыг дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч байгууллагууд Төв талбайд явуулсан юм.


















