Монгол Улс газар хөдлөлтийн гамшгаас анхааруулах системтэй боллоо
“Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Мэдээллийн алба

“Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Уг системийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн төслийн нэгдүгээр үе шатанд Онцгой байдлын ерөнхий газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг 20 албан хаагчтайгаар шинээр байгуулсан юм. Тус системийг нийслэлийн есөн дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын гурван метрийн 48 цамхаг, найман метрийн 12 цамхаг, нийт 60 цамхаг суурилуулжээ. Мөн МҮОНРТ, "UBS", "Монгол HD" телевиз, есөн богино долгионы радио зэрэг газруудад өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулсан байна. Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв нь Одон орон, геофизик судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, “Орбитнэт” ХХК-ийн Дата төв зэрэг гурван байгууллагатай нийт 6986 метрийн шилэн кабелийн сүлжээнд холбосон.
Гамшгаас хамгаалах төхөөрөмжийг нийслэлд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төв байр, Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй” хайрхан уул, Багануур дүүргийн “Мэлз хайрхан”, Налайх дүүргийн “Тамгын өндөр” уулан дахь дахин дамжуулах төвүүдэд дөрвөн ширхэг хэт богино долгионы дахин дамжуулагчийг суурилуулжээ. Мөн төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв дээр томоохон хэмжээний гэмтэл гарсан тохиолдолд түүнийг бүрэн орлон ажиллах хөдөлгөөнт удирдлагын төвийг таван тонны даацтай “Хьюндай HD120” загварын автомашин дээр тоноглон төхөөрөмжилж, системийн найдвартай ажиллагааг хангахын тулд 26.4 киловаттын нөөц цахилгаан үүсгүүр суурилуулж холболтыг хийгээд байгаа аж.
Харин хөдөө орон нутагт газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсүүд болох Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат сум нийт дөрвөн аймгийн долоон суманд 12 цэгт газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан байна. Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж ийнхүү бүрджээ.


















