Монгол Улсыг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлж байна гэж үнэлэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан байна.
Мэдээллийн алба

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байгааг онцлов.
Мөн тэрбээр, “Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн ороод 10 гаруй жил болж байгаа бөгөөд анх 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлж байгаа гэж онцолж байсан бол өчигдөрхөн тус байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яаманд тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулж байгааг үнэлэн Батламж хүргүүлсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна” гэв.
Батламж гардуулах албан ёсны ажиллагаа энэ оны зургаадугаар сарын дөрөвний өдөр тус яаманд болох юм байна.Монгол Улс уг конвенцид нэгдэж орсноор хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох үүрэг хүлээдэг. Энэ үндсэн дээр 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулж, тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий хуулийг УИХ-аар баталсан. Хууль батлагдсанаас хойш хэрэгжилт нь сайн байгаа гэсэн үнэлгээ авсаар байгаа, дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх хуулийн үндсэн зорилго сайн биелж байгаа гэдгийг хэвлэлийн бага хуралд оролцсон албаны хүмүүс хэллээ.



















