Монгол Улсын 10 онцлох үйл явдал
Улиран одож байгаа 2016 он Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд онцлог олон үйл явдлаар дүүрэн жил байлаа. Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn доор дурдах 10 үйл явдлыг онцолж байна.
Мэдээллийн алба

Улиран одож байгаа 2016 он Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд онцлог олон үйл явдлаар дүүрэн жил байлаа. Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn доор дурдах 10 үйл явдлыг онцолж байна.
Эрдэнэт үйлдвэр Монголын талд бүрэн шилжсэн нь

Бид УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болсон үйл явдлыг онцолж байна. Үйл явдлыг эргэн сөхвөл, Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийн 51, ОХУ-ын Ростех корпораци 49 хувийг эзэмшиж ирсэн. Гэвч ОХУ-ын Ростех корпораци өөрийн эзэмшил дэх “Эрдэнэт” үйлдвэр “Монросцветмент” зэрэг хоёр компанийн хувьцааг худалдаалах шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь “Монголын зэс” корпорацийн мэдэлд шилжсэн юм.
Тухайн үед үйл явдалтай холбоотойгоор хуралдсан Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж, асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулж, гишүүдийн олонх дэмжсэн байдаг. Тухайн үед Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266 тоот тушаал гаргаж байжээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч “Монгол Улсын Засгийн газар хувиасаа татгалзаж, худалдахыг зөвшөөрч байна” гэдгээ илэрхийлсэн байдаг.
Гэвч УИХ-ын сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар аравдугаар сарын тавны өдрийн хуралдаанаараа 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй болсон шийдвэрийг хүчингүй болгож, 51 хувь нь төрийг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх, компанийн дүрмийг шинэчлэн батлах, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг шийдвэрийг гаргасан. Хэдийгээр олон нийтийн дунд талархал хүлээж, мөн олон маргаан, шүүмж дагуулсан ч Монголын тал "Эрдэнэт" үйлдвэрээ бүрэн эзэмших болсон нь энэ оны онцлох үйл явдал байлаа.
УИХ-ын сонгууль буюу МАН-ын үнэмлэхүй ялалт

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгосон үйл явдлыг олон нийтийн цахим хуудас MNB.mn энэ оны онцлох үйл явдлаар нэрлэж байна. Тус сонгуульд 12 нам, гурван эвслээс 2786 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөнөөс 496 нь УИХ-д, бусад нь аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн юм. Сонгуульд нийт сонгогчдын 72.1 хувь нь саналаа өгсөн байна. Манай сонгуулийг ажиглахаар дэлхийн 40 гаруй орноос 400 гаруй ажиглагч бүртгүүлснээс талаас илүү хувь нь буюу 200 гаруй нь ЕАБХАБ-ын ажиглагчид ирсэн байна. Энэхүү сонгуулийн үр дүнд УИХ-ын 76 суудлаас МАН-63, АН-11, МАХН-1, Бие даагч-1 суудал авчээ. Мөн аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр ч МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Дөрвөн ой тэгширсэн үндэсний их баяр наадам

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг бид энэ онцлох нэгэн үйл явдлаар нэрлэж байна. Энэ жилийн наадам өргөн дэлгэр болж, хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх, Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, төрийн наадмын 22 дахь аваргаар тодорсон юм. Энэ жилийн наадмаар Үндэсний их баяр наадмын түүхэнд хамгийн олон буюу 14 начин, 6 харцага, хоёр заан шинээр төрсөн юм.
Үндэсний их баяр наадмын сурын харваанд энэ жил Даяар дуурсах мэргэн, МУГТ Ш.Даваахүү, Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Гарамгай мэргэн Х.Оюунчимэг тэргүүтэй 500 гаруй эрэгтэй, эмэгтэй харваачид цэц мэргэнээ сорьсноос баяр наадмын алтан шар зурхайд хоёр шинэ мэргэн төрсөн. Эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний цехийн засварчин, Хангарьд спортын хорооны тамирчин Монгол Улсын спортын мастер Д.Дэмбэрэлсайхан Үндэсний их баяр наадмын сур харваанд түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангасан юм. Тэрбээр шигшээ наймд 32 оноотой шалгарч, улмаар аваргын төлөө Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Улсын мэргэн Б.Ёндонтой товх харваж түрүүлснээр Улсын Мэргэн болсон юм.
Төрийн наадмын хурдан морины уралдаанд энэ жил 6 насанд нийт 1600 гаруй хурдан шандаст хүлэг тоосоо өргөсөн. Эдгээрээс хамгийн олон буюу 370 хурдан хүлэг Их насны морьдын уралдаанд зурхайгаас эргэсэн юм. Хязаалан 342, Шүдлэн 280 хурдан буян гарааны зурхайгаас эргэсэн нь хамгийн өндөр тоон үзүүлэлтүүдийн нэг байлаа. Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүүлсэн бол сүргийн манлай азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын хурдан халиун азарга түрүү магнайд хурдаллаа. Азарганы уралдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн хоёр азарга нь айрагдсан юм.
Харин хурдан соёолон морьдын уралдаанд Монгол Улсын Манлай уяач Д.Одгэрэлийн уяж сойсон, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн хурдан бор үрээ, Хязааланд Дундговь аймгийн Хулд сумын Б.Лхагва-Очирын хүрэн үрээ, шүдлэнд Архангай аймаг Их тамир сум Ж.Уясахын бор үрээ, дааганд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн хурдан халиун даага түрүүлж, Ардын төрийн наадмын түрүү байруудаар тодорсон байна. Энэ наадамд Хөвсгөл, Завхан, Архангай, Төв аймгийн уяачид хамгийн олон морь түрүүлүүлж, айрагдуулсан юм.
ДЭЛХИЙН УДИРДАГЧИД ЧУУЛСАН АСЕМ

Долдугаар сарын 15-аас 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн Ази Европын Дээд хэмжээний 11 дэх чуулга уулзалтыг бид энэ оны онцлох үйл явдлаар нэрлэж байна. Чуулга уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирсэн байдаг. Төрийн тэргүүний түвшинд нийт 10 орны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний түвшинд нийт 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, түүнчлэн 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар нар оролцжээ.
Олимп ба монгол

Монголчуудын оролцсон 13 дэх удаагийн зуны олимпын наадмыг 2016 оны онцлох үйл явдлын нэгээр нэрлэх нь зүйтэй. Энэ олимпын мөчлөгт Монголын тамирчид түүхэнд байгаагүй олон эрхийг авч, спортын 9 төрлөөр 43 тамирчин Бразил улсыг зорьсон. Өдөр шөнийн зөрүүтэй Латин Америкийн Бразил оронд болсон энэ олимпоос Монголчууд нэг мөнгө, нэг хүрэл медаль, Паралимпийн наадмаас хоёр хүрэл медалийг тус тус хүртсэн билээ.
Тус олимпын жүдо бөхийн 57 кг-ийн жинд зодоглож, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан МУГТ Д.Сумъяа Олимпын наадмын эхний даваанаас л дэлхий, олимпын аваргуудыг ээлж дараалан ялсаар алтан медалийн төлөөх барилдаанд зохион байгуулагч орны бөхөд эргэлзээтэйгээр ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр Монголын жүдо бөхийн шигшээ баг дөрвөн олимп дараалан медаль хүртээд байна.
Риогийн олимпын хоёр дахь медалийг боксын спортын төрлөөр Дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж байсан ОУХМ Д.Отгондалай 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэнээр боксын тамирчид сүүлийн гурван олимп дараалан Олимпын медалийн буухиаг таслаагүй юм. Мөн чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, манай хоёр дасгалжуулагч Олимпын наадмын дэвжээнд эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ олимпын хамгийн том дуулианы нэг байлаа. “Рио-2016”-д оролцсон монголын тамирчдын 27 нь анх удаа олимпын наадамд оролцсон байна. Тэднээс ОУХМ П.Тэмүүжин эхний даваанд дэлхийн аварга тамирчныг сөхрүүлж, тэсвэр хатуужлын тод жишээ болсон тоглолтуудыг шигшээ шатанд үзүүлж, Монгол улс энэ төрлөөр дэлхийд өрсөлдөх түвшинд хүрснийг харуулсан юм. Монгол улс энэ удаагийн олимпын наадамд нийт 206 орноос 67 дугаар байрт жагсжээ.
2016 оны есдүгээр сарын 7-оос 18-ны хооронд Паралимпийн 15 дахь удаагийн наадам боллоо. Паралимпийн эхний медалийг ОУХМ Б.Ууганхүү жүдо бөхийн төрөлд хүртэж пауэрлифтингийн төрөлд өрсөлдсөн Э.Содномпилжээ хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан. Монгол улсын Засгийн газраас энэ олимпын цикльд баг тамирчдаа бүхий л талаар дэмжсэний үр дүнд Олимпод оролцох тамирчдын тоо нэмэгдэж, Монголын тамирчид шинэ төрөлд ч олимпын наадмын дэвжээнд өрсөлдлөө.
Дуурийн дуучин залуу “Чингис хаан” одон гардЛАА

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Энэ 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээв. Ийнхүү Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм.
Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн. Тэрээр Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгсжээ.
Тэрээр Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нь М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны I байр, Шилдэг баритон дуучны шагнал; Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны I байр; Олон улсын дуулаачдын Байгал II уралдааны тэргүүн байрын шагнал; П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналыг тус тус хүртсэн байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Санкт-Петербург хотын Мариинскийн театр болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар бол хүн төрөлхтний оюуны соёлын шилдэг өв, сонгодог урлагт цахиур хагалж, бахархам олон амжилт гарган, Монгол Улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа өнөө цагийн шилдэг уран бүтээлч юм.
Төгрөгийн ханшийн сулралт дээд цэгтээ хүрэв

Энэ жилийн хувьд төгрөгийн ханш огцом суларсан нь улс орны эдийн засгийн амьдралд хүчтэй нөлөөлсөн бас нэгэн үйл явдал байлаа. Өнөөдрийн байдлаар "Найман шарга" валют арилжааны төв дээр нэг ам доллар 2485-2490 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар 2489 төгрөг байгаа юм. Энэ оны зуны дунд үеэс огцом хурдаа авч эхэлсэн долларын ханшны өсөлтийн гол шалтгаануудыг эдийн засагчид янз бүрээр тайлбарлаж байгаа ч гол хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсантай холбоотой юм.
Мөн макро эдийн засгийн суурь нөхцөлтэй харьцуулахад хэт үнэлэгдсэн байсан төгрөгийн ханш 2016 оны 3 дугаар улиралд өмнөх үетэй харьцуулахад огцом суларсан. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас 175.5 төгрөг буюу 8.8 хувь, өмнөх оны мөн үеэс 185 төгрөг буюу 9.3 хувиар суларч 2173.5 төгрөгт хүрсэн байдаг. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2009 оны 3 дугаар сараас хойшхи хамгийн өндөр хэлбэлзэлтэй байлаа. Тухайн сард бэлэн валютын зах дээр арилжаалагдсан хамгийн их, хамгийн бага ам.долларын ханшийн зөрүү 184.5 төгрөгт хүрч өссөн байдаг.
Худалдааны түнш орнуудын валют дотоодын мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарснаар импортын бараа үнэтэй болж улмаар импорт буурах хүчин зүйл болдог. Манай орны барааны импортын өсөлт сүүлийн 11 улирал дараалан сөрөг утгатай байв. Төгрөгийн нэрлэсэн ханш 2016 оны 3 дугаар улирлын байдлаар ам.долларын эсрэг жилийн 12.5 хувь, японы иений эсрэг 36.3 хувь, хятадын юаний эсрэг 9.2 хувь, оросын рублийн эсрэг 18.6 хувиар тус тус суларчээ.
Далай ламын айлчлал, өмнөд хөршийн хатуурхал

Энэ оны 11 дүгээр сарын 18-нд Далай лам Монгол Улсад хийсэн 9 дэх айлчлалаа хийв. Тус айлчлалын талаар Гандантэгчинлэн хийдээс тухайн үед мэдээлснээр "Түвдийн шашны тэргүүний Монгол дахь айлчлал цэвэр шашны зорилготой" гэсэн байдаг. Далай лам энэхүү айлчлалын үеэр лам сүсэгтэн олонтой уулзалт зохион байгуулж, шашны номлол айлдах бөгөөд хүндэт докторын зэрэг авах хөтөлбөртэй байсан.
Гэвч Далай ламыг Түвдийн тусгаар тогтнолыг эрэлхийлэгч хэмээн үзэж, түүний гадаад дахь айлчлалыг хүчтэй эсэргүүцдэг. Энэ байдал ч Далай ламын Монгол Улсад хийсэн 9 дэх айлчлалын үеэр хүчтэй илэрсэн юм. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Генг Шуанг хэлэхдээ, XIV Далай лам бол улс төрийн дүрвэгч хэмээгээд, “Удаан хугацааны турш Түвдийг Хятадаас салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж байна” гэжээ. Тэрбээр “Хятад улс Далай ламыг аль ч оронд хүлээн авахыг эсэргүүцэж байна. Бид Далай ламын ямар ч төрлийн айлчлалыг эсэргүүцнэ. Далай ламын айлчлалын асуудалд хоёр орны харилцааны тогтвортой хөгжил болон амлалтдаа хүрэх зэргээр нөхцөл байдлыг өргөн хүрээтэй харахыг Монголд анхааруулж байна. Далай ламыг битгий айлчлуул. Түүний салан тусгаарлах үйл хэргийг битгий дэмжигтүн” хэмээжээ. Хэдийгээр Монгол Улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Далай ламын айлчлал Засгийн газартай ямар ч холбоогүй” гэдгийг тухайн үед албан ёсоор мэдэгдэж байсан төрийн хэмжээний зарим уулзалт, хэлэлцээг Хятадын талаас цуцалсан билээ.
Энэ нь анхных биш бөгөөд 2006 онд Далай лам Монгол Улсад айлчилсныг эсэргүүцэн Бээжингийн зүгээс галт тэрэг, онгоцны нислэгийг зогсоож байжээ.
түүхэн амжилтЫН ЭЗЭН БОЛСОН монгол бүсгүй

АНУ-ын Вашингтон хотноо “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээн саяхан амжилттай болж өндөрлөлөө. “Нэг дэлхий –Нэг мөрөөдөл, Дэлхийн мисст хамтдаа” уриан дор 120 орны гоо бүсгүйчүүлийг нэгтгэсэн энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Алтангэрэлийн Баярцэцэг оролцсон.
“Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний үнэлгээнд энэ жил нэгэн шинэ зүйл орж ирсэн нь MOBSTAR аппликэйшн байсан. MOBSTAR аппликэйшнаар дамжуулан гоо бүсгүйчүүдэд санал өгөх нь тэмцээний шалгаруулалтын нэгэн томоохон “үнэлгээ” байсан юм.
Олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг дэлхийн хамгийн томоохон сайт болох Missosology-д Монгол Улсыг гуравдугаар байрт жагсаан оруулж онцолсон ч хүн амын тоо багатай учраас санал асуулга дээр түрүүлж чадахгүй байх магадлалтай хэмээн бичиж байсан билээ.
Гэвч гурван сая хүн амтай Монгол Улсын иргэд саналаа идэвхтэй өгснөөр А.Баярцэцэг "Олон нийтийн санал асуулга буюу масс хандалт"-аар тэргүүлж 120 гаруй орны гоо бүсгүйчүүдээс 11 дүгээр байрт шалгарлаа. Энэ бол Монголын “мисс”-үүдийн хувьд түүхэн үйл явдал гэж дүгнэж байна.
С.Зоригийн хэргийн шүүх хурал шийдвэрээ гаргалаа

Монголын түүхэнд олны хүндэтгэлийг хүлээж, ард түмний хүү болж чадсан хүмүүнийг харгисаар хөнөөсөн хар өдрөөс хойш 18 жил өнгөрчээ. Хийсэн гэмтэн, хар үйлтэн нь хэдэн жилдээ илрэхгүй нүгэлт дурсамж тэр л өдрөөс хөвөрч эхэлсэн. Энэхүү эмгэнэлт хэргийг үйлдсэн этгээдүүдийг шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэгдэж, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шийдвэрээ гаргалаа. Шүүхээс уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харьяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.16 хоёр буюу түүнээс олон хүнийг гэх зүйл ангиар ялласан байна.
Зуд дагуулсан цочир хүйтрэл

Өнөөдрийн байдлаар нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Булган, Даян, Увсын Наранбулаг, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Сагил, Зүүнхангай, Ховдын Үенч, Булган, Алтай, Завханы Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Отгон, Их-Уул, Баянхонгорын Баянбулаг, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Тариалан, Улаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Тариат, Өвөрхангайн Хархорин, Булганы Хангал, Худаг-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Бугант, Төвийн Угтаалцайдам, Жаргалант, Эрдэнэ, Цээл, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өлзийт, Дорнодын Сэргэлэн, буюу нийт 13 аймгийн 60 суманд хүнд, Увсын Тэс, Улаангом, Завханы Алдархаан, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Ханх, Мөрөн, Жаргалант, Цагааннуур, Тосонцэнгэл, Түнэл, Архангайн Төвшрүүлдэх, Батцэнгэл, Хангай, Хотонт, Хашаат, Өвөрхангайн Баян-Өндөр, Бүрд, Булганы Баян-Агт, Сэлэнгэ, Тэшиг, Булган, Бугат, Могод, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн, Баянгол, Цагааннуур, Орхонтуул, Түшиг, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Улаанбаатарын Багануур, Төвийн Борнуур, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэсант, Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Гурванбаян, Батширээт, Жаргалтхаан, Дорнодын Булган, Дашбалбар, Баяндун, Баянтүмэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Гурванзагал, Баян-Уул, Халхгол, Хөлөнбуйр, Сүхбаатарын Түмэнцогтод буюу 14 аймгийн 51 суманд хүндэвтэр байна.
Орон нутгийн ЗДТГ отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулан өөр аймгийн нутагт 2957 өрхийн 955.5 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 5277 өрхийн 2.3 сая, сум дундын отрын бүс нутагт 257 өрхийн 147.5 мянга, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 1004 өрхийн 762.5 сая, хилийн зурвас газарт 2960 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4005 өрхийн 1.5 сая мал нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж байна.
Өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор өвөлжиж буй өрхөд 2479 жирэмсэн эх, 0-5 насны 26,166 хүүхэд, 12,813 өндөр настан байна. Төрөх дөхсөн жирэмсэн эхчүүдийг сумын төв, аймгийн төв рүү татах ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байна.


















