Монгол улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг энэ сарын 13-ны өдөр хэлэлцэх хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч манай улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.
Мэдээллийн алба

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг энэ сарын 13-ны өдөр хэлэлцэх хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч манай улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.
Тэрээр Хүний эрхийн зөвлөлийн өнөөдөр шийдвэрлэж буй асуудлууд НҮБ-ын гишүүн орнуудыг хамтын ажиллагаагаа сайжруулахыг шаардаж буйг тэмдэглэж, тус зөвлөл хүний эрхийн тулгамдсан асуудал, хүний эрхийн зөрчлийг хэлэлцэхдээ ижил тэгш ялгаваргүйгээр, цаг үеэ олж, бодит байдлаар хандан, үр дүнтэйгээр шийдвэрлэхийн чухлыг онцлов. Мөн хүний эрхийн гэрээний байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр явагдаж буй засгийн газар хоорондын үйл явцыг дэмжиж буйгаа илэрхийлж, энэ талаархи яриа хэлэлцээнд жижиг орнуудын оролцоог хангах зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Байнгын төлөөлөгч О.Оч хүний эрхийг хангах асуудал Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэл болохыг дурдаад манай улсын Засгийн газраас дотоодын хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, стандартад нийцүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, цаазаар авах ялыг устгах чиглэлээр хийж буй ажил, олон улсын хүний эрхийн суурь баримт бичгүүдэд нэгдэн, хэрэгжүүлж буйгаа дурдав.
Мөн хүний эрхийг хөгжлийн хэмжүүр болгох нь зүйтэй гэж үзэж, хүний эрх, хууль дээдлэх ёс, ардчиллын харилцан холбоог хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэхийн ялдамд манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалахад дэмжлэг үзүүлсэнд Хүний эрхийн дээд комиссарын газарт, Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар манай улсын санаачилсан “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоол баталсанд гишүүн орнуудад талархал илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улс бүс нутаг, олон улсын түвшинд хүний эрхийг дэмжин хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор Хүний эрхийн зөвлөлд 2016-2018 онд гишүүнээр ажиллах сонгуульд нэрээ дэвшүүлснийг мэдэгдэж, бусад улстай хүний эрх, ардчиллын чиглэлээр туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Байнгын төлөөлөгч мөн манай Засгийн газар хүний эрхийн олон улсын бүх механизмтай хамтран ажиллахад бэлэн буйг нотолж, ХЭЗ-ийн тусгай мандат эзэмшигчдийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, Хүний эрхийн төлөв байдлыг хянах түгээмэл механизмын ач холбогдлыг онцлон ХЭЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг танилцуулав."


















