Монгол Улсын Эрчим хүчний үр ашиг, хүртээмж, түүнд хийсэн бүтцийн шинжилгээ
Эрчим хүчний зарцуулалт, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт ихтэй энэ үед эрчим хүчний үр ашиг нь эдийн засгийн салбаруудын байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, салбарын өрсөлдөх чадварыг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээллийн алба

Эрчим хүчний зарцуулалт, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт ихтэй энэ үед эрчим хүчний үр ашиг нь эдийн засгийн салбаруудын байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, салбарын өрсөлдөх чадварыг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг. Нөгөөтэйгөөр, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлснээр эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүн бүрт зарцуулсан үйлчилгээний үнэ, өртгийг илүү ашигтай зарцуулж болно. Эрчим хүчний үр ашиг нь түүхий түлшний хэрэглээний өсөлтийг сааруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Эрчим хүчний үр ашиг сайжирснаар ижил түвшний үйлдвэрлэлийг бий болгоход бага эрчим хүч зарцуулагдана. Эдийн засгийн үйлдвэрлэлд эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлснээр бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг хадгалж, бага өртөг зарцуулах, байгаль орчин дэх сөрөг нөлөөллийг бууруулах болно.
Манай улсын эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт жилээс жилд хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Эрчим хүчний бүтээгдэхүүний өсөлтийн хурд 2005-2010 оны хооронд хамгийн их буюу 4 дахин нэмэгдсэн байна. Анхдагч эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг нүүрс дангаараа бүрдүүлж байна. Түүхий газрын тосыг 1998 оноос экспортод гаргаж эхэлснээр үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй өссөөр байна. Харин нефт, тосолгооны бүтээгдэхүүнийг 100 хувь импортолж байна. Нөгөөтэйгөөр манай улсын эдийн засаг эрчим хүчний зах зээлээс ихээхэн хамааралтай байна. Эдийн засаг нь уул уурхай, олборлолтын салбараас хамааралтай бөгөөд энэ салбарын эрчим хүчний хэрэглээ өндөр, мөн нүүрс, газрын тосыг 100 хувь экспортод гаргаж байна.
Эрчим хүчний нийлүүлэлт, эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед цаашдын эрчим хүчний хэрэглээг тодорхойлохын тулд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлох нь чухал юм. Эрчим хүчний үр ашиг, хүртээмжийн талаарх мэдээлэл нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт салбарын бодлого боловсруулахад нэн чухал. Иймд эрчим хүчний үр ашгийг хэмжиж, шинжлэх шаардлагатай юм.
Эрчим хүчний үр ашгийг хэмжих нь дэлхий нийтээр сүүлийн 40 жилд чухал судалгааны сэдэв болж байна. Эрчим хүчний хэрэглээ өндөр байгааг зөвхөн эрчим хүчний үр ашиг хангалтгүй байгаагаар тайлбарлаж болохгүй. Эдийн засгийн үйлдвэрлэл (үйл ажиллагааны нөлөөлөл), эрчим хүчийг эрчимжүүлэгч эдийн засгийн бүтэц (бүтцийн нөлөөлөл), энерги багтаамжийн өөрчлөлт (энерги багтаамжийн нөлөө) зэргээр тайлбарлаж болно. Энд эрчим хүчний үр ашгийг энерги багтаамжаар илэрхийлнэ.
Үр ашгийн нөлөөллийг хэмжих хамгийн сайн арга бол бүтцийн шинжилгээ юм. Энэ арга нь сонгон авсан 2 хугацааны хооронд эрчим хүчний зарцуулалтын өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн бүрэн зураглалыг харуулдаг. Эрчим хүчний үр ашиг нь эрчим хүчний хэрэглээний өсөлт, бууралтын зөвхөн нэг шалтгаан болдог.
Энэхүү шинжилгээний ажлын зорилго Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний үр ашгийн өөрчлөлтийг эдийн засгийн салбараар харуулах, эрчим хүчний хэрэглээ нь 2005-2016 онд хэрхэн өөрчлөгдсөн байдлыг тодорхойлох, энэхүү өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг тайлбарлахад чиглэгдсэн. Бүтцийн шинжилгээ хийхэд логарифм Дивизи индекс-I аргыг ашигласан.
Одоогийн байдлаар манай улсад эрчим хүчний үр ашгийг бүхэлд нь тооцсон судалгаа, шинжилгээ байхгүй байгаа бөгөөд зөвхөн цахилгаан эрчим хүчний үр ашгийг л тооцсон зарим судалгааны ажил байдаг. Гэвч эдийн засгийн салбаруудаар ийм тооцоо байхгүй байна. Энэ судалгааны ажил нь эдийн засгийн салбаруудаар нийт эрчим хүчний хэрэглээний үр ашгийг харуулж, эрчим хүчний хэрэглээний өсөлтийн шалтгааныг тайлбарлаж байгаагаараа онцлог болно.
Манай Улсад эрчим хүчний балансыг тогтмол байгуулдаггүй учир энэ шинжилгээг боломжит бүх мэдээлэл, түүнд нэмэлт тооцоолол хийсэн болно. Шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн “Эрчим” корпорацын байгуулсан “Монгол Улсын түлш, эрчим хүчний баланс, 2005”, Үндэсний статистикийн хорооны “Байгаль орчин, эдийн засгийн дансны систем”-г нэвтрүүлэх хүрээнд 2018 онд байгуулсан “Эрчим хүчний данс, 2015-2016”, Олон улсын эрчим хүчний агентлагын мэдээллийг гол эх үүсвэр болгон ашиглалаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тус материалыг бүрэн эхээр нь толилуулж байна.


















