Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхийлөгчийг Чингисийн талбайд албан ёсоор угтан авна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхийлөгчийг өнөөдөр Чингисийн талбайд албан ёсоор угтан авна. Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно. Уг албан ёсны айлчлал дөрөвдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯНОШ АДЕРИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо, газар: 1959 оны 5 дугаар сарын 9, Чорна хот.
Боловсрол:
1978 Гёр хотын Миклош Ревай-н нэрэмжит ахлах сургууль төгссөн
1983 Өтвөш Лорандын нэрэмжит Их сургуулийн Хууль, улс төрийн шинжлэх ухааны тэнхимийг хуулийн чиглэлээр төгссөн.
Ажилласан байдал:
1986 – 1990 Унгарын шинжлэх ухааны академид судлаач
1990 – 2009 Унгар Улсын Парламентын гишүүн
1998 – 2002 Унгар Улсын Парламентын дарга
2002 – 2003 ФИДЕС намын дарга
2002 – 2006 Унгар Улсын Парламент дахь ФИДЕС намын бүлгийн дарга
2009 – 2012 Европын Парламентын гишүүн
2009 – 2012 Европын Парламентын Байгаль орчин, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хорооны гишүүн, дэд дарга
2012.05.10-наас Унгар Улсын Ерөнхийлөгч
Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 охин 1 хүүтэй
УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭРГИЙ АНИТА ХЕРЦЕГИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо, газар: 1964 оны 9 дүгээр сарын 6, Будапешт хот
Боловсрол: Унгарын Печ хотын Лөвей Клара ахлах сургуулийн герман хэлний ангийг дүүргэсэн
1987 онд Өтвөш Лорандын нэрэмжит Их сургуулийн Хууль, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг төгссөн
Ажилласан байдал:
1993-2001 онд Пешт дүүргийн шүүхэд бизнесийн хуультай холбоотой хэрэг хариуцсан шүүгч
2001-2009 онд Будапешт хотын Бүртгэлийн шүүхэд шүүгч
Гэр бүлийн байдал: 1984 онд гэрлэсэн, 3 охин 1 хүүтэй
Гадаад хэлний мэдлэг: Герман, англи, франц
Сонирхол: Дуу хөгжим, урлаг, эртний эд зүйлс сонирхдог, цанаар гулгах, сэлүүрт завиар аялал
УНГАР УЛСЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Түүхэн тоймоос: Мажарууд өөрсдийгөө түүхийн хувьд Азиас гаралтай гэж үздэг. Тэд манай эриний 8-9 дүгээр зууны үед Альп, Карпат, Татра уулсын хөндий Панонийн их талд нүүдэллэн очиж суурьшжээ. Мажар үндэстэн IX зуунд бүрэн төлөвшиж, бие даасан үндэстэн болж бүрэлдсэн ба 1001 оноос төрт ёс тогтсон гэж үздэг. Мажарууд түүхийн туршид Ромын эзэнт гүрэн, Монголчуудын довтолгоон, Турк, Хабсбургийн эзэмшил, ноёрхолд өртөж байсан бөгөөд хожим 17 дугаар зуунд Австри-Унгарын эзэнт улс болон тогтсон. Дэлхийн I дайны дараахан Австри-Унгарын Эзэнт улс задарч, 1918 онд Унгар бие даасан улс болсон.
Дэлхийн II дайны дараа Унгарт коммунист дэглэм тогтсон. Унгар Улс 1956 онд Варшавын гэрээнээс гарч, олон намын тогтолцоо бүхий ардчилал, зах зээлийн эдийн засгийн замд шилжих оролдлого хийсэн боловч түүнийг ЗХУ-ын оролцоотойгоор цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарсан. 1990 оны эхээр “Социалист систем” задарснаар Унгар Улсад ардчилал, шинэчлэлийн үйл явц тайван замаар өрнөж, ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн. 1999 онд НАТО-д, 2004 онд Европын Холбоонд тус тус элссэн ба 2007 оны арванхоёрдугаар сард Шенгений гэрээнд нэгдэн орсон.
Үндсэн хууль: 1949, 1972, 1989, 1997 онд нэмэлт өөрчлөлт хийсэн ба одоогийн эрх баригчид Шинэ үндсэн хууль боловсруулан 2011 оны дөрвөндүгээр сарын 25-нд баталж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Шинэ үндсэн хуулианд 5 удаа өөрчлөлт оруулаад байна. Хууль эрх зүйн систем нь Герман маягийн загвартай.
Засаглал: Парламентын засаглалтай, ардчилсан улс. Ерөнхийлөгч Янош Адер (ФИДЕС) 2012 оны тавдугаар сард сонгогдсон. Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатайгаар Парламентаас сонгогддог.
Ерөнхий сайд Орбан Виктор (ФИДЕС) 2010 оны тавдугаар сарын 29-нөөс томилогдон ажиллаж байна. Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Хурал томилдог. Засгийн газрын танхимын гишүүдийг эрх баригч нам болон Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу Улсын Хурал батална. 2014 оны тавдугаар сарын 10-нд шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулсан. 8 яам, 11 засгийн газрын гишүүнтэй. Засгийн газар Ерөнхий сайдын нэг орлогчтой ба ЗГХЭГ-ын дарга нь Засгийн газрын гишүүн, төрийн сайдын эрх мэдэл хэрэгжүүлдэг.
Хууль тогтоох дээд байгууллага: Урсагдьюлеш буюу Улсын Хурал 199 суудалтай. Улсын Хурлын суудлын 106-г намуудаас нэр дэвшүүлэн, тойргийн сонгогчдын саналаар, 4 жилийн хугацаатай шууд сонгож, үлдсэн 93 суудлыг намуудын авсан саналын хувиар бүрдүүлдэг холимог системтэй. Улсын Хурлыг сонгох сонгууль 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд явагдсан.
Улсын хурлын дарга ноён Көвер Ласло (ФИДЕС). Улсын Хурал нь парламент дахь намуудыг төлөөлсөн 5 орлогч даргатай. Улсын Хурлын дараагийн ээлжит сонгууль 2018 оны хавар болно.


















