Монголчууд Риогийн Олимпийг үзэж чадах уу
Ирэх 2016 онд манай улсын шигшээ багийн тамирчид Бразилийн Рио де Жанейрод зохиогдох зуны олимпийн наадамд оролцох 14 эрх аваад байгаа.
Мэдээллийн алба

Ирэх 2016 онд манай улсын шигшээ багийн тамирчид Бразилийн Рио де Жанейрод зохиогдох зуны олимпийн наадамд оролцох 14 эрх аваад байгаа. Буудлага спорт, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн төрлөөр эрхээ авсан. Жүдо, боксын спортын тамирчдын нэр хараахан тодроогүй байгаа. Олимпийн наадам эхлэх жил хүрэхгүй энэ хугацаа хамгийн чухал үе гэдгийг спортынхон онцолдог. Риогийн олимпоос медаль хүртэх тамирчдын талаар таамаг ажиг ч дэвшүүлээд эхэлсэн. Гэхдээ үзэгчид Монголын тамирчдынхаа олимпийн наадамд оролцох мөчүүдийг зурагтаар үзэж чадах уу, үгүй юу гэдэг асуулт харин эргэлзээ төрүүлж байна.
Рио де Жанейрогийн олимпийн наадмыг дамжуулах эрхийг авахаар МҮОНТ Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой тохирч гэрээг байгуулсан. Дамжуулах эрхийн төлбөр 1 сая ам.доллар. Олимп дамжуулах Монголын телевизүүд хамтарч дамжуулаад төлбөрөө хувааж төлөх санал гарсан ч одоо болтол төлбөрөө хийсэн телевиз байхгүй байгаа юм. Тиймээс гэрээнд гарын үсэг зурсан МҮОНРТ 1 сая ам.доллар буюу хоёр тэрбум орчим төгрөгөөр үзэгчдэд олимп үзүүлэх үүрэг хүлээж байна. МҮОНРТ бол төсвөөс санхүүждэг байгууллага. Харин улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед олимпийн наадмыг яаж дамжуулж үзэгчдэд хүргэх вэ гэдэг асуулт гарч ирсэн. МҮОНТ Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой байгуулсан гэрээний хүрээнд хиймэл дагуул, интернэт орчны дамжуулалт, кабелийн эрх, радио нэвтрүүлгийн эрх бүгдээрээ багтаж байгаа бөгөөд Монгол Улсад олгосон энэ ганц боломжоо ашиглахгүй алдвал улс даяараа олимп үзэхгүй болж мэдэхээр байна.


















