Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголоос 3500 гаруй хүн Энэтхэгийн ITEC ба ICCR тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ

Сүүлийн 30 жилийн хугацаанд 3500 гаруй монгол хүн Энэтхэгийн ITEC ба ICCR тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Монголоос 3500 гаруй хүн Энэтхэгийн ITEC ба ICCR тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ
Монголоос 3500 гаруй хүн Энэтхэгийн ITEC ба ICCR тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр 56 жилийн ойгоо тэмдэглэсэн

Харилцан хамтын ажиллагаанд тулгуурлаж, дэлхий дахины хөгжилд хувь нэмрээ оруулан, өөрийн улсын нөөц, авьяас чадварыг бусад хөгжиж буй орнуудтай хуваалцах зорилготойгоор 1964 онд Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу ITEC нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Тусгаар тогтнолоо олсноос хойш Энэтхэгийн гадаад бодлого нь бусад хөгжиж буй орнуудтай эв санааны нэгдэлтэй, нийтлэг үзэл суртал төдийгүй эдийн засгийн бат бэх үндэс сууринд тулгуурлан оршиход чиглэж иржээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Энэтхэгийн Засгийн газар 1964 онд ITEC нэрээрээ илүү танигдсан Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөрийг боловсруулсан байна. Тус хөтөлбөр нь шинээр тусгаар тогтносон орнууд болон хөгжиж буй орнуудад техник, эдийн засгийн салбарт нь туслалцаа үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлжээ.

БҮС НУТГИЙН УЯЛДАА ХОЛБОО

ITEC нь хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангахын тулд тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан, шинэ технологи болон хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. ITEC хөтөлбөр нь хэрэгжиж эхэлснээсээ хойш нийт хоёр тэрбум гаруй ам.доллар зарцуулсан байна. Тус хөтөлбөрт 160 орны оюутан, мэргэжилтнүүд хамрагдсан. ITEC-ийн өдрийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд бүх түнш улс оронд ITEC төгсөгчдийн холбоогоор дамжуулан ITEC-ийн төгсөгч оюутнуудын дунд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Сургалтын модулиуд

ITEC хөтөлбөрийн хүрээнд дижитал технологийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг түлхүү явуулдаг нь тус хөтөлбөрийн онцлог. Мөн тухайн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад Энэтхэг улсад иргэний болон батлан хамгаалахын чиглэлээр суралцах боломж олгодог. Иргэний салбарт санал болгож буй хөтөлбөрт мэдээлэл технологи, хөдөө орон нутгийн хөгжил, парламентын үйл ажиллагаа, бизнес, тэнгисийн ба нисэхийн инженерчлэл зэрэг салбарын сургалтууд багтдаг. Харин батлан хамгаалах чиглэлийн сургалт нь аюулгүй байдал, стратеги судлал, батлан хамгаалах менежмент, тэнгисийн ба нисэхийн инженерчлэл, ложистик, менежмент зэрэг сэдэвтэй юм. ITEC хөтөлбөрийн хүрээнд жил бүр Энэтхэгийн тэргүүлэх их сургуулийн богино болон урт хугацааны сургалтад хамрагдах 12000 гаруй тэтгэлгийг санал болгодог.

ITEC/SCAAP ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • ITEC түнш орнуудаас нэр дэвшсэн хүмүүсийг Энэтхэгт сургалтад хамруулах (иргэний болон батлан хамгаалахын чиглэлээр )

  • ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ зэрэг төсөл, төслийн үйл ажиллагаа

  • Энэтхэгийн мэргэжилтнүүдийг гадаадад томилох

  • Туршлага суралцах аялал зохион байгуулах

  • ITEC түнш орнуудын хүсэлтээр тоног төхөөрөмжийн хандив/тусламж үзүүлэх

Энэтхэг-Монголын стратегийн түншлэлийн гурван тулгуур чулуу нь Дарма (шашин), Ардчилал, Хөгжлийн хамтын ажиллагаа юм. Хөгжлийн хамтын ажиллагаа нь Энэтхэгийн гадаад бодлогод үргэлж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Монгол Улсын тууштай, найдвартай хөгжлийн түншийн хувьд Энэтхэг улс 1964 оноос хойш өөрийн хөгжлийн арвин их туршлагыг 50 гаруй жилийн турш хуваалцсаар ирсэн билээ.

Энэтхэгийн хувьд Монгол бол эртний анд нөхөр, стратегийн түнш бөгөөд оюун санааны ба гуравдагч хөрш юм. Бидний найрсаг харилцаа нийтлэг өв уламжлалаас эхтэй бөгөөд ардчилал, эрх тэгш байдлын зарчим, эв санааны нэгдлийн харилцан хүндлэлээс үүдэлтэй юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд 3500 гаруй монгол хүн Энэтхэгийн ITEC ба ICCR тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан.

Үүнээс зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга нар нийт 12 хүн Төрийн захиргааны сургалтад, ОБЕГ-ын 18 ажилтан Гамшгийн менежмент болон англи хэлний сургалтад хамрагдаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний 19 офицер, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 18 Засаг дарга нар Төрийн захиргааны чиглэлээр, Гадаад харилцааны яамны 25 албан хаагч, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн 35 ажилтан мэргэжилтнүүд ITEC хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгт богино болон урт хугацааны сургалтад хамрагдаад ирсэн байна.

Мөн Монголын 242 мэргэжилтэн сансрын шинжлэх ухаан, технологийн чиглэлээр тусгай сургалтын хөтөлбөрт хамрагдсан ба сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдийн тэн хагас нь эмэгтэйчүүд байжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын хэрэгцээний 70 орчим хувийг хангана

Энэтхэгийн 1.236 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хөрш зэргэлдээ бус хөгжлийн түнш оронд хэрэгжүүлж буй хамгийн том хөгжлийн түншлэлийн тусламжийн төсөл юм. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, Дорноговь аймагт баригдаж буй тус үйлдвэр Монгол Улсын дотоодын хэрэгцээний 70 орчим хувийг хангах юм байна.

2019 оноос эхлэн энэхүү газрын тос боловсруулах үйлдвэрийн монгол инженер, мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад сургах зорилгоор жил бүр 40 тэтгэлэг хуваарилаад байна.

Эхний ээлжний 35 ажилтан албан хаагчид 2020 оны нэгдүгээр сард сургалтаа дүүргээд эх орондоо ирсэн. Дараагийн ээлж ирэх хоёрдугаар сарын 23-наас эхлэн онлайн горимоор сургалтад хамрагдахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна 2020 онд “COVID-19” цар тахлыг үл харгалзан, 20 сая ам.долларын өртөгтэй Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн сургалтын төвийг Улаанбаатар хотод барьж байгуулах гэрээг Монгол, Энэтхэгийн тал байгуулсан. Тус төвийн барилгын ажил энэ онд эхэлнэ.

Энэ төв жил бүр 5000 залуучуудыг сургах хүчин чадалтай бөгөөд ITEC-ийн хөтөлбөртэй зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Хуваалцах