Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголын алт Монголдоо үлддэг хуультай боллоо

УИХ-ын намрын ээлжит нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын алт Монголдоо үлддэг хуультай боллоо
Монголын алт Монголдоо үлддэг хуультай боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын ээлжит нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн гишүүд өөрсдийн үгээ хэлсэн юм. Тухайлбал:

Л.Лүндээжанцан: Бичил уурхайн орлогыг тухай бүрт нь тооцох боломжгүй. Тэд 1 сар тутамд 40 мянган төгрөг өгөөд л явж байгаа. Алтны татварыг УИХ хөндөөд байх нь маш буруу шүү. Алтыг хөдөлгөх нь тийм ч сайнгүй зүйл гэдгийг би өмнө анхааруулсан.

Б.Бат-Эрдэнэ: Байнгын хороон дээр унасан асуудал яагаад дахиад УИХ дээр ороод ирснийг гайхаж байна. Та нар өмнө алтны татварыг өсгөх тухай ярьдаг байсан. Гэтэл эрх мэдэлд хүрсний дараа үүнийгээ тэглэе гээд яриад байх юм. Би та нарыг ерөөс ойлгохгүй байна шүү. Тал талаас нь сайн судалж үзээрэй.

О.Баасанхүү: Бид нар хулгайч нартаа бууж өгч байна гэж ойлгож болох уу. Та бүгд алтны компанийн лоббинд орсон юм биш биз. Тийм бол түүнийгээ эртхэн үнэнээр нь хэлээрэй. Алтны татварыг багасгая гээд байгаа шалтгаан юу вэ. Та бүгд хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй болоод ийм буулт хийгээд байгаа юмуу. Гэмт хэрэгтнүүд та нарыг тайван байлгахгүй байгаа чинь энэ хуулийг яаран сандран гаргахад түлхээд байна уу. Бид тэгж ойлгохоор байна шүү.

Ингээд хэлэлцүүлэг дуусч, зарчмын зөрүүтэй хоёр асуудлаар эхэлж санал хураалт явуулсан юм. Өөрөөр хэлбэл сорьцын шинжилгээг орон нутагт хийлгэх гэдгийг хасуулах талаар нийт гишүүдийн 71.7 хувь нь дэмжсэн бол алтны татварын тухай өөрчлөлтийн талаар 53.3 хувь нь дэмжсэн санал өгөв.

Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг бүхэлд нь дэмжих талаар УИХ-ын гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн санал өглөө.

Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Монголын алт Монголдоо үлддэг хуультай боллоо” хэмээн санал хураалтын дараа онцлон хэллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна. Тухайн хуулийг хууль санаачлагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулж байна.

Түлхүүр үг:УИХ
Хуваалцах