“Монголын дуу хоолой”-г дэлхий сонсож байна
Одоогоос 50 жилийн тэртээ дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг сурталчлах гадаад хэлний нэвтрүүлгийн редакцийг Монголын Радиод байгуулсан юм. Улмаар 1964 оны 10 дугаар сарын 1-нээс Монгол, Орос, Хятад, Англи, Франц, Казах, Япон хэлний нэвтрүүлгүүдийг ээлж дараалан нээсэн түүхтэй.
Мэдээллийн алба

Одоогоос 50 жилийн тэртээ дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг сурталчлах гадаад хэлний нэвтрүүлгийн редакцийг Монголын Радиод байгуулсан юм. Улмаар 1964 оны 10 дугаар сарын 1-нээс Монгол, Орос, Хятад, Англи, Франц, Казах, Япон хэлний нэвтрүүлгүүдийг ээлж дараалан нээсэн түүхтэй.
Монголын тухай мэдээлэл дэлхий нийтэд хомсхон байсан тухайн цаг үед радиогийн гадаад нэвтрүүлэг анх цацагдсан өдрөөсөө л эхлэн дэлхийн олон орны сонсогчдын анхаарлыг татаж, захидал, хүсэлт тасралтгүй ирж эхэлсэн байна. Жишээ дурдахад, 1965 оны эхний арван сард Энэтхэг, Австрали, Индонез, Япон, Канад АНУ, Мексик зэрэг дэлхийн 20-иод орноос 200 гаруй захидал хүлээн авсан нь тухайн цагтаа томоохон үйл явдал болж, гадаад сурталчилгааг цаашид хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг нотолсон юм.
Монголын Радиогийн гадаад нэвтрүүлгийн нэр хүнд, үр нөлөө жил ирэх тусам нэмэгдэж, зарим жилд байнгын сонсогчдын тоо 5000-д хүрч байлаа. Улмаар манай радиогийн байнгын сонсогчид Японы Токио, Осака, Энэтхэгийн Дели, Хятадын Тяньжин зэрэг хотуудад “Сонсогчдын клуб” байгуулан ажиллаж нэвтрүүлгийн сонсогдолт болон хамгийн их сонирхож буй сэдвийнхээ талаар бидэнд санал хүсэлтээ тогтмол ирүүлдэг. Осака хотын сонсогчдын клуб манай радиогийн материалаар Монголын тухай гурван удаа сэтгүүл гаргасан.
“Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн алба өнөөдөр дэлхийн 40-өөд орноос 3000 гаруй захидал хүлээн авч байна. Манай нэвтрүүлгийн сонсогчид нэвтрүүлгийн сонсогдолтын байдал, нэвтрүүлгийн ур хийц, агуулгын талаар санал бодлоо хуваалцсан захидал ирүүлдгээс гадна өөрийн орны сонин сайхнаас бидэнтэй хуваалцдаг. Түүнчлэн сонсогчид маань Монгол орны түүх, соёл, зан заншил, байгаль, ан амьтан Монголын нийгмийн өнөөгийн байдал, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, аялал жуулчлалын тухай олон асуултыг бидэнд ирүүлдэг. Манай гадаад нэвтрүүлгийн албаныхан “Шуудангийн хайрцаг” болон бусад нэвтрүүлгээрээ сонсогчдынхоо асуултад хариулт өгдөг юм.
Гадаадын сонсогчдоос ирүүлсэн захидлаас цөөн хэдийг сонирхуулвал:
“Япон хүмүүсээс мэддэг Монгол хүнээ нэрлээч гэвэл ихэнх нь хамгийн түрүүнд Чингис хааныг нэрлэх биз ээ” гэж Японы Хёого мужаас манай сонсогч Фүрүиэ Тоорү бичжээ. Манай сонсогчид Монголын их хаадын тухай их сонирхон асуудаг тул 2014 онд “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн албаныхан, “Монголын их хаад” цуврал нэвтрүүлэг бэлтгэж Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх, Хубилай хааны тухай сонсогчдодоо танилцуулсан.
Японы Ямагүчи мужаас манай сонсогч Сүсүми Номура, “Саяхны нэг нэвтрүүлгээр Монгол Улс хоёр сая есөн зуу гаруй мянган хүн амтай гэхийг сонсоод асар өргөн уудам нутагтай атлаа манай Японы хүн амаас 40-50 дахин бага хүн амтай байгааг сонсоод өөрийн эрхгүй гайхах сэтгэгдэл төрж байлаа. Хүн амын олонх нь хот суурин газар амьдардаг бол эзгүй зэлүүд газар их байх нь ээ гэж бичээд, Монголчууд нүүдлийн мал аж ахуйтай цөөхөн ард түмний нэг. Та бүхнээс нийт мал сүрэг, түүний бүтэц, олон малтай хүмүүсийн тухай нэвтрүүлэг хийхийг хүсье” гэжээ.
Монгол хүн сансарт анх ниссэн өдөрт зориулсан “Мартаж боломгүй найм хоног” нэвтрүүлгийг сонссон Японы сонсогч Сэкимото Масарү бичихдээ, “Өнөөдрийн нэвтрүүлгээс олон жилийн өмнө Монголын сансрын нисгэгч ЗХУ-ын хөлгөөр сансарт ниссэн тухай мэдлээ” гэсэн бол, Токио хотын сонсогч Күсанаги Ёшихиро, “Өнөөдрийн нэвтрүүлгээр Монголын сансрын нисгэгчийн сэдэвтэй дуу хөгжим сонслоо. Японд ч гэсэн сансрын нисгэгчид олны анхаарлын төвд байдаг. Гэсэн хэдий ч тэдэнд зориулсан дуу байдаггүй болохоор Монголын сансрын нисгэгчид зориулсан дуу сонин санагдлаа. Одоо мөнгөтэй хүн бүр сансарт нисэх боломжтой болсон. Гэлээ ч Японд сансрын нууцыг бүгд сонирхдог. Токиогоос ялгаатай нь Монголын шөнийн тэнгэрт одод олноороо тод сайхан харагддаг байхаа” хэмээжээ.
Манай радиогийн сонсогч Украйны иргэн Александр Дадищев захидалдаа “Монголын ховор амьтад” цуврал нэвтрүүлэг ихэд сонирхолтой байдаг тухай бичээд, түмэн тэмээний баярын сонин сайхнаас дуулгаарай гэсэн байна. Тэрбээр Арабын оронд явж байхдаа нэг бөхтэй тэмээгээр аялж байснаа сонирхуулан бичээд, харин хоёр бөхтэй тэмээг ойроос харах юмсан, Монгол тэмээгээр аялалд явахыг хүсч буйгаа бичсэн байна.
БНХАУ-аас манай сонсогч Зи Юань “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээр миний захиалсан “Монгол хүн” дууг явуулж өгсөнд их баярлалаа. Манай найз нар бүгд хүлээн авч сонссон байна лээ гэж бичсэн бол Луо Ян хотоос манай сонсогч Тун Синь “Морин жилийн маш их зурагтай мэндчилгээг хүлээн авсандаа баяртай байсан бол, Индонезаас манай сонсогч Дайки Фуживара, надад морины тухай Монгол марк байдаг. Би монгол орныг хөдөө нутгийн мориор нь төсөөлөн бодох дуртай гээд, Монголд морин аяллын ямар маршрут байдаг вэ, монголын морин аялалын тухай нэвтрүүлэг бэлтгэн явуулахыг хүссэн байна.
АНУ-аас манай байнгын сонсогч Аллан Лаудел Ням гарагын соёл урлагийн нэвтрүүлгийг интернетээр хүлээн авч сонслоо гээд, “Монгол ардын дуунд маш дуртай. Сайхан монгол аялгуу сонсохоор сэтгэл сэргэдэг юм” гэж бичсэн байна.
Манай сонсогч Фүмито Хокамура Японы Фукуока хотоос, “Японы Олон Улсын Их Сургууль Монголын ШУТИС, КТМС-тай хамтран хэрэгжүүлж буй магистрын хөтөлбөрийн тухай мэдэж авлаа. Цаашид үүнтэй төстэй боловсролын нэвтрүүлэг бэлтгэж байвал туйлын их баярлах болно. Би Япон Монгол хоёр улсын харилцаа улам ихээр өргөжин тэлж байгааг хараад их баярладаг” гээд Япон Монгол Улсын дипломат харилцааны талаар нэвтрүүлгээрээ танилцуулж өгөхийг хүсчээ.
Манай нэвтрүүлгийн байнгын сонсогч Кароби Хазарика Энэтхэгээс бичихдээ, “Өнөөдрийн нэвтрүүлгээр Улаанбаатар хотын хог дахин боловсруулах үйлдвэрийн талаар танилцуулж байсан. Их сайхан хэрэг байна. Манайд ч гэсэн “Хаявал хог, дахин боловсруулвал баялаг” гэсэн утгатай сурталчилгаа явдаг. Хогийг бага багаар боловсруулж, байгаль орчноо хамгаалан хогоо багасгаж, баялаг болгож байвал их зүйтэй санагддаг. Хог дахин боловсруулалтыг улам илүү хөгжүүлмээр байна гэж бичжээ.
БНХАУ-ын Хө бэй мужийн сонсогч Шан Жинхай захидалдаа “Би танай радиогийн үнэнч фен билээ. Би танай нэвтрүүлгийг тогтмол сонсож, Монголын тухай мэдлэгээ нэмэгдүүлдэг. Түүнчлэн монгол орны тухай янз бүрийн мэдээ, мэдээллийг интернэтээр үздэг болсон. Танай сайхан орны тухай мэдэж авах тусам Монгол орноор жуулчлах хүсэл минь ч нэмэгдэж байна. Ойрын үед Монгол оронд айлчлана гэж төлөвлөж байгаа тул танай нэвтрүүлгийг улам анхааралтай сонсож, та бүхэнтэй байнга харилцаатай байх болно” гэжээ.
АНУ-аас манай сонсогч Ричард Анжело Японы сумо бөх сонирхдог тухайгаа захидалдаа бичсэн байна. Эрхэм сонсогч Японы мэргэжлийн сумо бөхийн аварга Асашёорюү Давгадоржийн барилдааныг үзэж байсан тухайгаа бичээд Монголын сумоч Какүрюү зиндаа ахиж Ёкозүна боллоо. Монголоос дөрвөн их аварга төрлөө гээд Монголд өсвөрийн сумочдыг бэлтгэдэг үү, Монголын сумогийн холбооны үйл ажиллагаанаас танилцуулж байгаарай гэж бичсэн байна.
Энэ мэтчилэн “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн алба дэлхийн өнцөг булан бүрээс долоо хоног бүр олон арван захидал, и-мэйл хүлээн авсаар байна. Одоо ч олон сонсогчид МҮОНР-ийн 80 жил, “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн албаны 50 жилийн ойд зориулан бидэнд баярын мэндчилгээ ирүүлж байна.
Монголын дуу хоолой гадаад нэвтрүүлгийн
Ерөнхий редактор З.Дэнсмаа


















