Монголын энхийг сахиулагчид Суданы иргэдэд ДОХ өвчнөөс сэргийлэх сургалт явуулав
Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.
Мэдээллийн алба

Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай энхийг сахиулагч эмч нар Судан улсын иргэдэд энэ талын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт хичээл явуулсан байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Кабкабияа суурин болон Кабкабияа баазын хэмжээнд ХДХВ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар видео хичээл, үзүүлэн таниулах материал, гарын авлага бэлтгэн, сургалт явууллаа. Өдөрлөгт Рванда, Жордан Улсын цэргийн багийн удирдлагууд, цэргийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цэргийн ажиглагч, цагдаа, орон нутгийн гэрээт ажилтан, орон нутгийн иргэд оролцжээ.
Энэ үеэр тус улсын орон нутгийн иргэд ч дурын шинжилгээнд хамрагджээ.



















