Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголын их хатад” бүжгэн туульс шинэ дүр төрхтэйгээр тайзнаа “амилна”

Соёлын яамнаас зохион байгуулж буй "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" сарын аяны хүрээнд Үндэсний урлагийн их театр өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтоо "Монголын их хатад" бүжгэн жүжгээр эхлэх гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын их хатад” бүжгэн туульс шинэ дүр төрхтэйгээр тайзнаа “амилна”
“Монголын их хатад” бүжгэн туульс шинэ дүр төрхтэйгээр тайзнаа “амилна”. Зураг: МҮОНРТ

Соёлын яамнаас зохион байгуулж буй "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" сарын аяны хүрээнд Үндэсний урлагийн их театр өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтоо "Монголын их хатад" бүжгэн жүжгээр эхлэх гэж байна.

"Монголын их хатад" бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд домог болсон 9 хатны түүхэн гавьяаг тод томруун толилуулсан бүтээл юм. Уг бүтээл нь түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахын зэрэгцээ тухайн үеийн монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьснаар онцлог бүтээл болсон.

Мөн "Монголын их хатад" бүжгэн жүжгийн түүхэн дүрүүдийг авьяас төгөлдөр гоо үзэсгэлэнт гоцлол бүжигчид бүтээн туурвиж, төрүүлэн гаргасан юм.

Анх 2013 онд тайзнаа бүтээгдэж байсан уг бүтээл Монголчуудын бахархалт дээд өрлөг эх Гоо Марал, Алтан сургаалаараа домог болсон Алунгоо эх, Тэмүүжин-Чингисийн эх, "Төрийн хатан эх" өргөмжит Өэлүн хатан, Чингис хааны их хатан, "Богдын түшээ, гэгээн ивээлт хатан" цолыг ач хүү Хубилайгаар нэхэн шагнуулсан Бөртэ хатан, Өгэдэй хааны хатан бөгөөд хааныг насан өөд болсны дараа Төрийг барьж байсан хатан Дөргөнэ буюу Туркана хатан, Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан, Чингис хааны зарлигаар "Төрийн бөө, цэцэн хатан"-аар өргөмжлөгдсөн Сорхугтани хатан, Хубилай хааны хатан, ач хүү Өлзийт Төмөр хаанаас "Гэгээн ухаант зохист хатан эх"-ээр өргөмжлөгдсөн Чимбай буюу Чаби хатан, Алтан ургийн төлөө Боржигон удмын Баянмөнх жононг аварсан их гавьяатан Самар хатан, Монгол төрийг дөчин жил нэгтгэн захирсан сэцэн билигт Мандухай хатан гэсэн есөн гол дүртэй.

Ташрамд дуулгахад, шинэ дүр төрхтэй дахин тайзнаа амилж буй “Монголын их хатад” бүжгэн туульс энэ сарын 19-нд 19:00, 20, 21-нд 17:00 цагт Үндэсний урлагийн их театрын тайзнаа тоглогдоно.

Хуваалцах