Монголын нэгдүгээр экипаж өнөөдөр Венесуэл, Сири, Вьетнам улсын багтай өрсөлдөнө
Тэмцээний ганцаарчилсан уралдааны төгсгөлд экипаж бүрийн гаргасан амжилт, нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэх ба эхний 8 байрт шалгарсан баг тамирчдыг хагас шигшээ уралдаанд оролцуулах ажээ.
Мэдээллийн алба

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат олон улсын “Танкийн биатлон” тэмцээнд оролцох манай улсын Зэвсэгт хүчний баг, тамирчидтай уулзаж, энэхүү тэмцээний бэлтгэлийг хэрхэн хангасан талаарх мэдээлэлтэй биечлэн танилцлаа.
Энэ үеэр хошууч генерал Р.Сүхбат “Монгол Улсад зохион байгуулсан “Танкийн биатлон” тэмцээнд амжилттай оролцож, шилдгээр шалгарснаар энэ удаагийн олон улсын тэмцээнд уламжлал ёсоор оролцож буйд баяр хүргэе. Та бүхэн тэмцээнийг зохион байгуулж буй газар орны нөхцөлд сайтар дасан зохицож, бие бялдар-сэтгэл зүйн байнгын бэлтгэлтэй байхын хамтаар цэргийн хэргийн өндөр ур чадварыг харуулан урьд жилүүдийн амжилтыг улам бүр ахиулж чадна гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцолсон юм.
Мөн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа баг тамирчидтай утсаар холбогдон Ардын хувьсгалын болон орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож буй тэгш ойн жилд олон улсын тэмцээндээ өндөр амжилт гарган оролцож, монгол эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөөрэй гэсэн ерөөлийг дэвшүүллээ.

Ташрамд дуулгахад, “Танкийн биатлон” тэмцээнд оролцож буй манай улсын баг тамирчдын нэгдүгээр экипажийн бүрэлдэхүүн өнөөдөр буюу 8 дугаар сарын 23-ны өдөр Венесуэл, Сири, Вьетнам улсын багтай өрсөлдөх бөгөөд хоёр болон гуравдугаар экипажийн бүрэлдэхүүн 26, 29-ний өдрүүдэд уралдана.
Тэмцээний ганцаарчилсан уралдааны төгсгөлд экипаж бүрийн гаргасан амжилт, нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэх ба эхний 8 байрт шалгарсан баг тамирчдыг хагас шигшээ уралдаанд оролцуулах ажээ.
Зэвсэгт хүчний Жанжин штаб


















