Монголын таеквондогийн холбооны тамирчид Богд уулын аманд мод тарилаа
Монголын таеквондогийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Мэдээллийн алба

Монголын таеквондогийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь залуу тамирчдадаа байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалж Богд уулын аманд мод тарьсан явдал байлаа.
Монголын таеквондогийн холбооноос жил бүр уламжлал болгон мод тарих аяныг өрнүүлдэг юм. Урд жилүүдэд Цонжин болдог, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Санзай, Яргайт зэрэг газруудад мод тарьж байсан бол 30 жилийн ойн хүрээндээ тэд Богд хан уулын Умайн аманд "Таеквондо төгөл"-өө байгууллаа. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 13 клубийн 100 гаруй тамирчин, багш, дасгалжуулагч оролцсон юм.

Монголын таеквондогийн холбооны Ёс зүйн зөвлөлийн дарга С.Ган-Эрдэнэ "Ойн хүрээнд зохион байгуулж байгаа олон арга хэмжээний нэг нь "Таеквондо төгөл" байгуулах ажил юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубуудын төлөөлөл өнөөдөр 200 гаруй мод тарилаа. Үүнд гар, бие оролцож байгаадаа баяртай байна" гэв.

"Нүүдэлчин" клубийн тамирчин Г.Мөнгөнчимэг "Би таеквондогийн спортоор хичээллээд удаагүй байгаа шинэ тамирчин. Таеквондогийн тамирчид зөвхөн тэмцээн уралдаанд ороод, амжилт гаргахыг урьтал болгодоггүй. Байгальдаа ээлтэй зүйл хийж, түүнд оролцож байгаадаа сэтгэл дүүрэн байна" гэж ярилаа.

Харин "Арслан" клубийн тамирчин Д.Энхтэмүүлэн "Богд уулын аманд бусад клубийн тамирчидтайгаа хамт мод тарьж байна. Энэ арга хэмжээнд манай клубээс 5 хүн оролцож байна. Хоёр багштайгаа нийлээд тавуулаа мод тарьж байна. Агаарт гараад, хөгжилдөөд, мод тарих гоё байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Цаашид Монголын таеквондогийн холбооноос цар тахлын үед хойшлуулж байсан ажлуудаа хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, 30 жилийн замналаа өгүүлсэн түүхэн кино, номын түүврүүд гаргах юм. Мөн таеквондогийн спортыг сурталчлан таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.


















