Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын тэнгэр дор 38 орны 1700 гаруй энхийг сахиулагч бэлтгэгдлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын арга хэмжээ өчигдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын тэнгэр дор 38 орны 1700 гаруй энхийг сахиулагч бэлтгэгдлээ
Монголын тэнгэр дор 38 орны 1700 гаруй энхийг сахиулагч бэлтгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын арга хэмжээ өчигдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэсэн. “Хааны эрэлд” сургуулиар дамжуулан дэлхийн таван тивийн 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагч 14 хоногийн хугацаанд хамтдаа бэлтгэл сургууль хийж цэргийн нөхөрлөлийг бий болголоо. Түүнчлэн дээрх сургуулиар дамжуулан улс орнууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, улс үндэстнүүдийн хоорондын итгэлцлийг бий болгохыг зорьдог.

Хаалтын ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Энэ жил Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдов, Руанда, Того, Израиль, Иорданы Хашимитын хаант улс “Хааны эрэлд” сургуулилтад анх удаагаа оролцлоо. Оролцогч улсууд “Хааны эрэлд” сургуульд салаа цэргээ илгээсэн бол зарим орон ажиглагчийн хэмжээнд оролцсон. Харин бусад орон эмнэлэг, тэсрэх дэлбэрэх бодистой ажиллах баг зэрэг цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнээ илгээсэн” хэмээв.

Дараа нь "Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн удирдагч, хурандаа Ч.Цогтжаргал: ““Хааны эрэлд” уламжлал болгон зохион байгуулагдах хугацаандаа цар хүрээгээ улам л тэлсээр байна. Энэ олон улсын цэргийн сургууль энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд үнэлж барамгүй үр өгөөжөө өгсөөр ирсэн. Энэ жил Монгол Улсаас Зэвсэгт хүчний салаа оролцсон. Тус салаа ирэх есдүгээр сард Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх мотобуудлагын есддүгээр батальоны алба хаагчид. Тэдний хувьд ч мөн энэ сургуульд оролцсоноор ихээхэн мэдлэг, дадлага, ур чадварыг өгсөн нь лавтай” гэлээ.

“Хааны эрэлд-2019” сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагджээ. Энэ хугацаанд нэг зорилготой дэлхийн цэрэг дайчид Монгол орны тэнгэр доор нөхөрлөсөн.

Хуваалцах