Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын түүхийн ээдрээт үеийг биеэр туулсан "Хөсрий"-н тухай

Лувсангийн Хөсрий хэмээгч нутгийн нэгэн сайхан буурлын “Хөсрий нэртийн түүх” гэдэг дурдатгалын номыг нь уншлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын түүхийн ээдрээт үеийг биеэр туулсан "Хөсрий"-н тухай
Монголын түүхийн ээдрээт үеийг биеэр туулсан "Хөсрий"-н тухай. Зураг: МҮОНРТ

Лувсангийн Хөсрий хэмээгч нутгийн нэгэн сайхан буурлын “Хөсрий нэртийн түүх” гэдэг дурдатгалын номыг нь уншлаа.

Миний төрсөн нутаг, тэндхийн хүн ардын тухай байсан тул сонирхолтой байлаа. Мөн Хөсрий гуайн хувь хүнийх нь амьдрал үнэхээр сонирхол татахуйц байсан болохоор зарим газар нь бахархаж, зарим газар нь өрөвдөж, зарим газар нь хамар шархирч уншлаа.

Уншиж дуусахад өөрийн эрхгүй энэ хүнийг хүндэтгэх сэтгэгдэл аяндаа төрөв. Төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа энэ номын өмнөх үгийг бичихдээ “Энэ дурдатгал бол анхааралтай бөгөөд хүндэтгэлтэй сонирхож унших бүтээл байна” хэмээн үнэлсэн нь үнэн байв.

Манай нутгаас төрсөн Дэлийн дээрэмчин хэмээгч Дэлэгсамба тэргүүтний удирдсан хувьсгалын эсэргүү бослого Говийн аймгуудын олон зуун айлийг урд хөршид гаргасан, тэд арав гаруй жил хүний нутаг гүний хошуунд зовж зүдэрч амьдраад буцаж ирсэн, тэднийг бөөнөөр нь олон жил Дорноговь аймагт хараа хяналтад байлгасан, ирсэн хойно нь тэдний нэлээд нь баригдаад буцаж ирээгүй зэрэг гашуун түүх байдаг.

Л.Хөсрий гуай түүхийн энэ ээдрээтэй цаг үеийг биеэрээ туулж иржээ. Түүний амьдралд хувьсгалын эсэргүү бослого хөдөлгөөн, өвөрлөгч нутагт эхээс төрж хөдөө хээр хөсрий “хаягдаж” хүнд үрчлүүлсэн, бага насаа хүний нутагт хэцүү нөхцөлд өнгөрөөсөн, чөлөөлөх дайнаар харь нутгаас чөлөөлөгдсөн, эх орондоо ирчихээд төрсөн нутагтаа очиж чадахгүй олон жил “хоригдож” байсан, нэгдэлжих хөдөлгөөнөөр өмчөө хураалгасан, социализмын бүтээн байгуулалтад гар бие оролцсон, ардчилал, зах зээлийн нийгэм гээд Монголын түүхийн ээдрээт үеүдийн зовлон, жаргалыг биеэр амсаж иржээ.

Говийн хүмүүс дэндүү гэхэд дэндүү ажилсаг, сайхан сэтгэлтэй, уужуу тайван, тусархаг зангийн тухай олон арван жишээ дурдсан байсан бөгөөд Хөсрий гуай өөрөө эдгээрийн амьд жишээ болох нь дурдатгалаас харагдаж байв.

Тэр нам эвлэлийн байгууллагад ажилтнаас дарга хүртэл алба хашиж, нэгдлийн гишүүн, төрийн албан хаагч, хороо хорины дарга, малчин, тариаланч болж явжээ.

Энэ дурдатгалд Дундговь аймгийн Өлзийт, Буянт-Овоо /хуучин нэрээр/, Дорноговь аймгийн Айраг сумдад 1950-1990 онд ажиллаж амьдарч байсан болон байгаа олон хүний нэр дурдагдсан байна.

Энэ номыг нутгийнхан нь уншвал нутгийн ахан дүүс, өвөг дээдсийнхээ тухай олон сонирхолтой баримт олж үзэх болно.

Б.Батмөнх
2016-03-06

Хуваалцах