“Монголын өдрүүд” Хонгконгт эхэллээ
Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонгконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ.
Мэдээллийн алба

Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонгконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ.
“Дэлхий” Монголын соёлын ассоциаци болон Хонгконгт төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications” зэрэг байгуулагаас санаачлан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг, Макаод суугаа Монголын Ерөнхий консулын газрын албан ёсны дэмжлэгтэйгээр, иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн ивээн тэтгэлгээр зохион байгуулж байна.
Энэ сарын 24-нийг хүртэл долоо хоног үргэлжлэх “Монголын өдрүүд”-ийн үеэр Азийн орнуудын түүх, соёл, уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Asia Society” байгууллага, Смитсонианы хүрээлэнгээс хамтран гаргасан “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” номыг танилцуулах ярилцлага, “Royal Geographical Society” байгууллагаас зохион байгуулах “Монгол Улс-Мөнх хөх тэнгэрийн нүүдэлчдийн Эзэнт гүрэн” номын зохиогч Карл Робинсонтой хийх ярилцлага, Хонгконгийн олон улсын сургуулийн багш, сурагчдад зориулсан Монголын тухай танилцуулга, хөөмийн семинар, урлагийн хэсэгчилсэн тоглолт зэргийг зохион байгуулах юм.
Мөн “Монголын өдрүүд”-ийн хүрээнд дэлхийн урлагийн олимпийн алтан медальт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлийн дээжээсээ толилуулж байна.


















