Монголын Улсын иргэн нутаг буцахыг хүссэнгүй
Түрк дэх манай иргэд ЭСЯ руу утасдан уг иргэнийг нутаг руу нь буцаах билет авч өгч туслах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Б-г нутаг буцаах талаар Турк дэх Монгол улсын элчин сайдын яамныхан ажиллаж байгаа бөгөөд иргэн Б-г онгоцны буудалд олон сараар орогнож байгаа гэсэн нь ташаа мэдээлэл юм
Мэдээллийн алба

Монгол улсын иргэн Б Грек улсад хараагүй хүмүүсийн төсөл дээр ажиллах зорилгоор 2013 оны 11 сарын 26-ны өдөр Тайландын Бангкок хотоос Истанбулд очин онгоцноосоо хоцрон улмаар билетний мөнгө олох зорилгоор Ататуркийн нисэх буудалд орогнож зураг зурж байгааг нь Туркийн хэвлэлээр мэдээлсэн.
Уг мэдээний мөрөөр Ататуркийн нисэх буудалд Турк дэх Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд очиход иргэн Б нь эзгүй байсан ба 1 сарын 10-ны үдээс хойш Истанбул хотын Цагдаагийн газрын гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн газрын харьяа албадан буцаах төвд саатуулагдсан талаар мэдээлэл авч консулын ажилтнаа явуулж Б-тэй уулзуулсан байна.
Иргэн Б нь 1964 онд төрсөн, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт оршин суудаг бөгөөд Туркийн телевизээр ярьсан яриагаа үгүйсгэсэн байна. Тэрбээр Грек руу хамт явах хүмүүстэйгээ Истанбулд уулзах ёстой байсан боловч уулзаж чадаагүй гэнэ. Монголд ар гэр, эхнэр хүүхэдгүй тул нутаг буцах сонирхолгүй, олон жил гадаадад амьдарсан, одоо Бангкок, эсвэл Унгар руу явахыг хүсч байгаагаа ЭСЯ-ны ажилтнуудад илэрхийлжээ.
Түрк дэх манай иргэд ЭСЯ руу утасдан уг иргэнийг нутаг руу нь буцаах билет авч өгч туслах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Б-г нутаг буцаах талаар Турк дэх Монгол улсын элчин сайдын яамныхан ажиллаж байгаа бөгөөд иргэн Б-г онгоцны буудалд олон сараар орогнож байгаа гэсэн нь ташаа мэдээлэл гэдгийг ГХЯ-ны консулын газраас мэдээлэв.


















