Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монроуд” ХХК мэдэгдэл гаргажээ

Долоодугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан “Монроуд” ХХК мэдэгдэл гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Монроуд” ХХК мэдэгдэл гаргажээ
“Монроуд” ХХК мэдэгдэл гаргажээ. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан “Монроуд” ХХК мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, "“Монроуд” ХХК нь Зам тээврийн яамны захиалгаар 2013 оны 09-р сарын 24-ний өдөр C-АЗ-Б 2013-167-207 дугаартай “Халзанбүргэдэй – Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан уг төслийн ажлыг 46,354,405,757 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж байгаа болно.

Гэтэл уг төсөлтэй холбоотойгоор шалгагдаж буй эрүүгийн хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ манай байгууллагын үйл ажиллагаа, бодит байдлаас зөрүүтэй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байна. Уг мэдээлэлд “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзанбүргэдэй- Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд" гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж дурджээ.

Манай компанийн хувьд уг мэдэгдэлд дурдагдсан шиг “мөнгийг шууд шилжүүлээд авчихсан” зүйл огт байхгүй бөгөөд “төсөл эхлэхэд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 30% болох 13,906,321,727.00 төгрөг, С-АЗ-Б 2013-167-207/А-98 тоот Нэмэлт гэрээгээр бараа материалын урьдчилгаа 6 000 000 000₮ төгрөгийг МУ-ын Хөгжлийн банкнаас авсан” болно. Энэ талаар Хөгжлийн банкны албан ёсны цахим хуудсанд ч дурьдагдсан байгаа. 2013 оны 10 дугаар сараас уг ажил эхэлж, 2014 оны 06-р сарын 25-ний байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 24 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Гэрээнд заасны дагуу сар бүр гүйцэтгэсэн ажлын тайланг захиалагчид хүргүүлж, түүний дагуу санхүүжилтийг авдаг ба замын асфальт хучилт 2014 оны 07-р сарын 08-ний өдөр эхлэх гэж байна.

Гэтэл хуулийн байгууллагаас ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь харилцагч байгууллагууд болон олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, бизнесийн нэр хүндийг унагаах, төслийн ажил зогсоох хүртэл байдалд тулж, бидний ажилд бодитой хохирол учруулахаар байна. Бидний хувьд эрх бүхий хуулийн байгууллагын ажилд ямарваа нэгэн саад учруулахгүй бөгөөд гагцхүү хуулийн дагуу шалгаж, олон нийтэд зөвхөн бодит мэдээллийг, зохих хэмжээнд цацахыг хүсч байна.

Монроуд ХХК нь 2001 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөлт, нийгмийн хариуцлага, ажил гүйцэтгэл зэргээрээ авто замын салбарт тэргүүлэх чиглэлийн компани бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь, чанартай биелүүлхээр ажиллаж байгааг та бүхэнд уламжлъя. Манай энэхүү хүсэлтийг хүлээн авч, хуулийн хүрээнд ажиллана гэдэгт итгэж байна" гэсэн байна.

Хуваалцах