Морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ 197 орны хөгжимчинтэй хамтарна
Үүний зорилго нь "Хөгжим бол оршин тогтнох байрлал, хэл соёл, улс төр гэх мэт маш олон зүйлээс хамааралгүйгээр дэлхийн бүх хүн төрөлхтнийг нэгтгэх хамгийн гол хүч мөн” гэдгийг харуулахад оршиж байна.
Мэдээллийн алба

Их Британи Улсад ажиллаж, амьдардаг морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ 197 орон тус бүрээс нэг хөгжимчин бүрдсэн “The Earth Orchestra” буюу “Дэлхийн найрал хөгжим" нэгдлийн “Together is beautiful" нэртэй цомог гаргахад Монгол Улсаа төлөөлөн оролцжээ.
“Тэд ийнхүү нэгдэж чадсанаар хөгжмийн түүхэнд шинэхэн хуудсыг нээгээд байна” гэж мэргэжлийнхэн үнэлж байна.
Үүний зорилго нь "Хөгжим бол оршин тогтнох байрлал, хэл соёл, улс төр гэх мэт маш олон зүйлээс хамааралгүйгээр дэлхийн бүх хүн төрөлхтнийг нэгтгэх хамгийн гол хүч мөн” гэдгийг харуулахад оршиж байна.
Тус хөгжмийн найруулгыг “BAFTA” болон “EMMY AWARDS”-ийн шагналт, хөгжмийн зохиолч Жорж Фентон хийсэн байнаа.
Тэрбээр “The Earth Orchestra буюу Дэлхийн найрал хөгжмийн нэгдэл бол миний бодлоор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, хамгийн чухал найрал хөгжим. Эдгээр авьяаслаг хөгжимчинтэй хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байна. Энэ бол энгийн бөгөөд гүн гүнзгий ойлголт. Энэхүү төслийн хөгжмийг бичих нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Мөн Монгол хөөмийн гайхамшиг болон морин хуурыг нэлээд онцолж байсан. Н.Бат-Эрдэнэтэй нэлээн хугацаанд ажилласан. Уг нь би зохиолдоо Монгол хөөмийг оруулж бичээгүй байсан. Харин тэр морин хуур тоглохоор ирэхдээ найруулагад маань хөөмий гэх энэ гайхалтай урлагийг нэмээд улам сэтгэл хөдөлгөм өөр түвшинд очиход тусласан” хэмээжээ.


















