Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МСХ чөлөөт хэвлэлийн анхдагч 25-ыг нэрлэв

Мөн энэхүү хүндэтгэлийн хурлын үеэр Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулсан 25 хүнийг чөлөөт хэвлэлийн анхдагчаар тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
МСХ чөлөөт хэвлэлийн анхдагч 25-ыг нэрлэв
МСХ чөлөөт хэвлэлийн анхдагч 25-ыг нэрлэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ой өчигдөр тохиож, хэвлэл мэдээллийн салбарынхан Төрийн ордонд чуулсан билээ. Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар мэндчилгээ илгээсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө биечлэн оролцож, үг хэлсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнгөрсөн 25 жилийн хэвлэлийн эрх чөлөө бол Монголын ардчиллын хэмжүүр юм. Ухаалаг төр бий болгохын тулд хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллана гэдэгт гүнээ найдаж байна” гэсэн илгээлтийг сэтгүүл зүйн салбарын үе үеийн төлөөлөлд дамжуулав.

Хүндэтгэлийн хурлын үеэр Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулсан 25 хүнийг чөлөөт хэвлэлийн анхдагчаар тодрууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тусгаар тогтносон парламентын болон зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан нийгмийн үндсийг тавилцаж, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 2007 онд Монголын хэвлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг батлуулсныг үнэлж өргөмжлөл олгосон юм. Ингээд Чөлөөт хэвлэлийн анхдагч 25 хүнийг нэрлэж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улс тусгаар тогтносон, парламентын засаглалтай, зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан нийгмийн үндсийг тавилцаж, хүний үг хэлэх хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт хэвлэл үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монголын сонин хэвлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг 2007 онд анх санаачлан батлуулж үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон хуулийн төслийг анх удаа санаачлан батлуулж үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, доктор, профессор Л.Түдэв: “Үнэн” сонины эрхлэгчээр 1986-1996 онд ажиллахдаа Монгол Улсад чөлөөт хэвлэлийн тулгын галын асааж, Монголын нийгмийг нойрноос нь сэрээж, чөлөөт хэвлэлийн шинэ түүхийг эхлүүлж бүтээлцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов: Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийг 1991 онд үүсгэн байгуулж, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монгол Улсад тэмдэглэх ажлыг анх санаачилж, чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

- “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал: Монгол-Данийн Вант улсын Засгийн газрын “Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” төслөөр Монгол Улсад байгуулагдсан “Чөлөөт хэвлэл сан” сонины хэвлэх үйлдвэрийн анхны захирлаар 1995-2001 онд ажиллаж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Чантуу: “Улаан од” сонины ерөнхий эрхлэгчээр 1986-1990 онд ажиллахдаа мэдээллийн ил тод байдлыг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэвлэлийн эрх чөлөөг бий болгох, чөлөөт хэвлэлийн анхдагчдыг төрүүлж гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай: “Улаан од” сонины ерөнхий эрхлэгчээр 1978-1986, 1990-1995 онд ажиллахдаа мэдээллийн ил тод байдлыг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг гүнзгийрүүлж, чөлөөт хэвлэлийн анхдагчдыг төрүүлж гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Хэвлэлийн ахмад ажилтан Т.Етекбай: Монгол Улсад мэдээллийн ил тод байдал, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаан боогдуулж байсан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газрыг татан буулгах тухай МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1988 оны долдугаар сарын 6-нд 154 дүгээр тогтоолын төслийг боловсруулан батлуулж, намаас олон нийтийн мэдээлэлд хатуу хяналт тавихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн: МОНЦАМЭ агентлагийн захирал, дэд захирлаар 1984-2007 оны хооронд ажиллахдаа тэнцвэртэй үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, Монголын чөлөөт ардчилсан хэвлэлийн үүсэл, төлөвшлийн талаар таван боть ном туурвисан тул.

- “Хөх толбо” сонины эрхлэгч, ахмад сэтгүүлч Б.Эрдэнэбаатар: 1992 онд “Хөх толбо” сониныг үүсгэн байгуулж, хэвлэл мэдээллийн дөрөв дэх засаглалын үүргийг үнэнч шударгаар өнөөг хүртэл гүйцэтгэж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Чилаажав: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн анхны даргаар 2006-2012 оны хооронд ажиллаж, төрийн мэдлийн радио, телевизийг олон нийтийн болгох ажлыг амжилттай удирдаж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат: Монгол-Данийн Вант улсын Засгийн газрын “Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл” төслөөр Монгол Улсад байгуулагдсан Монголын хэвлэлийн хүрээлэнгийн анхны захирлаар 1994-2000 онд амжилттай ажиллаж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул.

-Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн: Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ыг анх байгуулагдсан цагаас хойш амжилттай удирдаж, өнөөдрийг болтол чөлөөт хэвлэлийн салбарт үнэнчээр зүтгэж яваа тул.

-“Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг: Б.Нандинтүшиг таны аав Ц.Балдорж нь Монгол Улсад чөлөөт хэвлэлийн тулгын чулууг тавилцаж, анхны хувийн өдөр тутмын “Өнөөдөр” сонинг байгуулж, Монголын сэтгүүл зүйд “Балдоржийн школ”-ыг бий болгож, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны гавьяа зүтгэлийг үнэлж,

- ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Дарь-Сүхбаатар: 1988 оны арваннэгдүгээр сарын 5-нд “Цагийн толь” нэртэй бичмэл сонинг анх гаргаж, чөлөөт хэвлэлийн шинэ түүхийн хуудсыг анх нээсэн гавьяаг тань үнэлж,

-Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч С.Амарсанаа: 1989 онд анхны ухуулах хуудсыг хотын гудамжаар нааж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн төлөө тэмцэж, МоАХ-ны хэвлэл “Ардчилал” сонины анхны эрхлэгчээр амжилттай ажиллаж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- “Монголын дуу хоолой” сонинг үүсгэн байгуулагч Р.Даваажав, Л.Ганзориг: 1990 онд анхны хувийн “Монголын дуу хоолой” сонинг эрхлэн гаргаж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- Монгол Улсын Гавьяат холбоочин, доктор, профессор Д.Гарам-Очир: 1992 онд анхны хувийн “Тэнхлэг” телевизийн студийг байгуулж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- “Еagle” телевизийг үүсгэн байгуулагч Д.Баясгалан: 1994 онд Америк - Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай, анхны арилжааны телевизийг байгуулж, телевизийн салбар дахь Засгийн газрын монопольт байдлыг халж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- “Улаанбаатар фм 102,5”-ийг үүсгэн байгуулагч Ч.Чадраабал: 1995 онд анхны, хувийн, стерио дуугаралттай, хэт богино долгионы “Улаанбаатар ФМ 102.5” радиог байгуулж, радиогийн салбар дахь Засгийн газрын монопольт байдлыг халж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- “МН 25 дугаар суваг” телевиз, “Цагаан шонхор” радиогийн студийг үүсгэн байгуулагч Ц.Балдорж, Ш.Отгонбилэг, А.Авирмэд, Л.Жаргалсайхан, З.Алтай, Д.Галсанжаргал: 1993 онд анхны хувийн хөрөнгө оруулалттай “Цагаан шонхор” радио студийг, 1996 онд “МН 25 дугаар суваг” телевизийг үүсгэн байгуулж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- Монголын сонинуудын холбоог үүсгэн байгуулагч С.Баярмөнх, Ц.Баяраа, Д.Батсүх, Ж.Баяржаргал, Н.Билгүүн, Л.Зоригт, О.Одгэрэл, Л.Нинжжамц, П.Сайнбилэг, Р.Хадбаатар: Монголын чөлөөт хэвлэл эрхлэн гаргагчдын анхны холбоог байгуулж, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг тууштай хамгаалж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- “Шинэ бодлого” хүрээлэнгийн тэргүүн Д.Энхбат: Д.Энхбат болон түүний нөхдийн үүсгэн байгуулсан “Датаком” ХХК 1996 онд Монгол Улсыг дэлхийтэй холбох интернэт гүүрийг анх тавьж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж,

- УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 2002 онд анхны интернет ТВ5 телевизийг үүсгэн байгуулж, чөлөөт хэвлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж, тус тус “Чөлөөт хэвлэлийн анхдагч 25”-аар өргөмжлөв.

Түлхүүр үг:Чөлөөт хэвлэл
Хуваалцах