Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Б.Галаарид дахин сонгогдлоо

Өнгөрсөн баасан гарагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVI их хурал Нийслэлийн иргэний танхимд болж, өнгөрсөн он жилүүдэд хийж хэрэгжүүлснээ хэлэлцэн хэтийн зорилгоо тодорхойлж, удирдах бүрэлдэхүүнээ шинэчлэн сонголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Б.Галаарид дахин сонгогдлоо
МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Б.Галаарид дахин сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVI их хурал Нийслэлийн иргэний танхимд болж, өнгөрсөн он жилүүдэд хийж хэрэгжүүлснээ хэлэлцэн хэтийн зорилгоо тодорхойлж, удирдах бүрэлдэхүүнээ шинэчлэн сонголоо.

Энэ удаагийн их хуралд 151 байгууллагыг төлөөлсөн 248 төлөөлөгч таслах эрхтэйгээр оролцов. Сэтгүүлчдээ төлөөлөн ирж хуралд оролцогчдын 130 нь эрчүүд байсан бол 118 нь эмэгтэйчүүд байлаа. Хуралд оролцогчдын хамгийн өндөр настан нь сэтгүүлч Г.Баатарчулуун, хамгийн залуу нь 24 настай Завхан аймгийн Засаг даргын хэвлэлийн албаны сэтгүүлч И.Янжинлхам байсан юм. Хөдөө орон нутгаас 60 төлөөлөгч оролцсон байна. Хурлын эхэнд Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч С.Шаравдорж, Хяналтын зөвлөлийн гишүүн Д.Ариунаа нар өнгөрсөн гурван жилд хийсэн ажлаа тайлагнав.

Хуралдааны үеэр ахмад сэтгүүлч Г.Жамъян гуайн “Сэтгүүлчдийн эвлэл өөрийн байртай болох ёстой. Төрийн ордны зүүн талд байрлах хуучин Улсын хэвлэлийн газрын барилгын суурин дээр сэтгүүлчдийн шинэ ордныг барих асуудлыг эрх бүхий байгууллагаар нь шийдүүлмээр байна. Тэгээд тэр ордноо Төрийн ордонтой газар доогуур туннелээр холбоё. Сэтгүүлчдийн эвлэлийн их хурлаас энэ талаар төр засгийн удирдлагуудад хандсан уриалга гаргах хэрэгтэй” гэсэн саналыг судлах, цаашид ажил хэрэг болгох талаар судалъя гэдэг дээр хуралд оролцогчид санал нэгдэв.

Хэвлэл мэдээллийн салбарынхан тус их хурлаар эвлэлийнхээ дүрмийг шинэчлэх, шинэ бүтэц, зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцсэн юм. Юуны өмнө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээн гурван жилийн өмнө халсан нэрээ сэргээн хэрэглэхээр боллоо. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн эвлэл хөдөө орон нутгийн салбар зөвлөлүүдээс гадна төв аппаратдаа Телевизийн мэргэжлийн төв, Радио, ФМ-ийн мэргэжлийн төв, Цахим мэдээллийн хэрэгслийн мэдээллийн төв, Судалгаа, сургалтын мэргэжлийн төв, Орон нутгийн мэргэжлийн төв гэсэн зургаан салбар нэгжтэй байхаар болж эдгээр төвүүдийн тэргүүлэгчид болон дарга нарыг сонгов. Зургаан мэргэжлийн төв тус бүрийн 9 тэргүүлэгч болон Удирдах зөвлөлийн гишүүд нийт 61 хүнээс бүрдсэн Бага хурал нь Их хурлын чөлөөт цагт МСНЭ-ийн үйл ажиллагааг удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болов.

МСНЭ-ийн ээлжит XVI их хурлын төгсгөлд эвлэлийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, дотоод асуудал, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч нар болон Хяналтын хорооны гишүүдийг сонголоо. МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, Хяналтын зөвлөлийн тэргүүнээр МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Д.Ариунаа сонгогдов.

Тодруулга, Өдгөө манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн 500-600 байгууллага байгаа тоо баримт бий. хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар нь цахим сэтгүүлзүйн салбөр. Телевизүүдийн тоо бага зэрэг өсч, сонинуудын тоо бага зэрэг буурчээ. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад 5000-6000 сэтгүүлч уран бүтээлчид ажиллаж байна.

Хуваалцах