Мөнгө хураасан багшийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна
Сургууль, цэцэрлэгийн төгсөлт ойртож байгаа энэ үед төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байна гэсэн гомдол ихэсчээ.
Мэдээллийн алба

Сургууль, цэцэрлэгийн төгсөлт ойртож байгаа энэ үед төгсөлтийн баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө хурааж байна гэсэн гомдол ихэсчээ. Дээрх асуудалтай холбогдуулан Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд Арвайхээр сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нар, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн байна.
Тэрбээр сургууль, цэцэрлэгүүд “Эцэг, эхийн зөвлөл” санаачилсан, “Багш хамааралгүй, мэдээгүй” гэсэн хариултаар энэ асуудлыг өнгөрөөсөөр ирсэн. Эцэг, эх, сурагчдаас мөнгө татах явдлыг шат шатандаа анхааралдаа авч, таслан зогсоох шаардлагатай байна.
Сурагчдын дунд амьдралын боломж тааруу, ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг, эхтэй хүүхэд цөөнгүй. Тэдгээр эцэг, эхчүүдэд санхүүгийн хүндрэл үүсгэж, дарамт болж байна. Тиймээс ямар нэгэн шалтгаанаар эцэг, эхчүүдээс мөнгө хураасан нь тогтоогдвол тухайн багшийг ажлаас нь чөлөөлж, удирдлагуудад хариуцлага тооцохоо хатуу санууллаа.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


















