Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын хурал боллоо

Өнөөдөр Монгол Улсад өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын хурал ДБЭТ-т боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын хурал боллоо
МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Улсад өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын хурал ДБЭТ-т боллоо.

Баярын хуралд хүрэлцэн ирсэн үе, үеийн уран бүтээлчдээс сэтгэгдлийг нь сонссон юм.

МУСГЗ Д.Амбасэлмаа:

-Би анх 1958 онд энэ их айлын босгыг алхаж байлаа. Миний залуу нас, ажил бүтээл гээд бүх зүйл маань МҮОНР-той холбоотой байдаг. Одоо ингээд радиогийнхоо 80 жилийн ойг үзэж байгаадаа баяртай байна. Манай радиогийн сонсогчид эх орны өнцөг булан бүрт бий. Тэдгээр бүх сонсогчдодоо МҮОНР-ийн түүхт 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Мөн радиогийн залуу уран бүтээлчид болон үе тэнгийн ахмадууддаа баярын мэнд хүргэе.

МУСГЗ Г.Чулуунбат:

-1934 оны есдүгээр сарын 1-нд анх Монголын радио Монгол Улсад дуу хоолойгоо цуурайтуулж монгол түмнийгээ мэдээлэл, уран сайхын нэвтрүүлгээр оюун санааг нь тэтгэж эхэлснээс хойш өнөөдөр 80 жилийн ой болж байна. Би 53 жил Монголын радиод ажиллаж байна. Энэ хугацаанд Монголын радио техник, боловсон хүчин, нэвтрүүлгийн төрөл, гадаад харилцааны хувьд улам хөгжиж дэлхийн жишигт хүрсэн радио болж өргөжлөө. Энэ баярын өдрийг тохиолдуулан Монголын радиог сонсож байгаа сонсогчид, радиогийн нийт уран бүтээлч, инженер техникийн ажилчдад баярын мэнд хүргээд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

МҮОНР-ийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун:

-Юуны өмнө МҮОНР-ийн нийт сэтгүүлч, албан хаагчдадаа баярын мэнд дэвшүүлье. Өнөөдөр Монголын радио үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Энэ сайхан хүндэтгэлтэй Дуурийн театрт Монголын радиогийн үе, үеийн уран бүтээлч, инженер техникийн ажилчид ирсэн байна. Миний хувьд МҮОНР-ийн нэвтрүүлэгчийн албанд багагүй хугацаанд ажиллалаа. Миний аав бол МУСГЗ Г.Чулуунбат нэвтрүүлэгч. Дүү нар маань бас нэвтрүүлэгчид. Сэтгэл маш өндөр байна. Нийт сонсогч, уран бүтээлчдэдээ МҮОНР-ийн түүхт 80 жилийн ойн мэндийг дахин өргөн дэвшүүлье.

МҮОНР-ийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Бат-Эрдэнэ:

-Би МҮОНР-д Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын мэдээг хариуцаж хориод жил ажилласан. Өнөөдөр радиогийнхоо 80 жилийн ойд оролцож байгаадаа баяртай байна. Одоо бол МҮОНР-ийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байна. Ингээд нийт радио сонсогчдодоо энэ өдрийн мэнд хүргээд, энэ баярыг хуваалцаж байгаа бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье.

Төрийн шагналт зохиолч Ц.Бавуудорж:

-Өнөөдөр МҮОНР-ийн 80 жилийн ойн өдөр тохиож байна. Монголд энэ олон жил өөрийнхөө үүрэг зорилгыг биелүүлж өдий хүрч байгаа хэвлэл мэдээллийн байгууллага ховор шүү дээ. Энэ дундаа радио гэдэг чинь тодотгож хэлмээр онцлогтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Өнөөдөр дэлхий нийт ч гэсэн радиод их ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл өнөөдөр хүн төрөлхтөн “хурд”, “товчлох” гэсэн хоёр томьёололд аж төрж байна. Бид маш хурдтай бөгөөд товчхон байхыг шаардсан эрин үед амьдарч байгаа учраас үүнд хамгийн ойрхон мэдээллийн хэрэгсэл бол радио юм гэдгийг олон олон сэтгүүлч мэдэрдэг юм билээ. Би радиод сэтгэл, оюун, боловсрол, мэдлэг чадвараа зориулсан олон сайхан ахмад сэтгүүлчдийн үед ирж сэтгүүлч болж байлаа. Ахмадуудаасаа их олон зүйлийг сурсан. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд радиогийн ахмад болон залуу үеийнхний дунд гүүр болох онцгой хариуцлагатайгаар ажиллаж байгаа юм. Одоо бидний дунд радиогийн сэтгүүлч болох гэсэн хүсэлтэй олон сайхан залуус орж ирж байна. Бид харин энэ залуучуудад радио сэтгүүлзүйн талаар сурсан мэдсэн бүхнээ хэлж өгөх ийм ажлыг л амжуулж явна даа. Хамгийн гол нь радиодоо үнэнч байдаг малчид, газар тариаланчид, ахмадууд, залуучууддаа ойн баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

МҮОНР-ийн нэвтрүүлэгч Г.Алтанбагана: -Би Монголын радиогийн нэвтрүүлэгчдийн дунд хамгийн залуу нь болж байх шиг байна. 2010 оноос радиод ажиллаж эхэлсэн. Тэр үед намайг анх МУСГЗ Д.Билгээ багш, найруулагч Г.Болор нар "өлгийдөн" авч байсан. МҮОНР 80 дахь намартайгаа золгож байна. Нийт радио сонсогч болон уран бүтээлчдэдээ МҮОНР-ийн 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Р3 радиогийн хөтлөгч Б.Эрдэнэцэцэг:

-Би Монголын радиод ажиллаад найман жил болж байна. Анх МҮОНР-ийн нэвтрүүлэгчээр ажилд орж байлаа. Ингээд 2008 онд P3 радио байгуулагдахад радиогийнхоо залуучуудыг нэгтгэж нэг баг болоод шинээр радиогийн гуравдугаар сувагт ажиллаж эхэлсэн. Манай Р3 радио бол зургаан жилийн настай залуу радио. Өнөөдөр манай МҮОНР-ийн 80 жилийн ой болж байна. МҮОНР-д өмнө нь ажиллаж байсан ахмад сэтгүүлчид, одоо ажиллаж байгаа сэтгүүлч, уран бүтээлчид болон бидний араас МҮОНР-г сонгож орж ирэх залуустаа баярын мэнд хүргэе.

Хуваалцах