Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д ажиллагсдын ёс зүйн дүрэм

Олон нийтийн радио телевизийн ажилтан нь олон нийтийн эрх ашгийн төлөө, тэдний хяналтан дор радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ энэхүү дүрмийг сахин биелүүлж дагаж мөрдөнө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
МҮОНРТ-д ажиллагсдын ёс зүйн дүрэм
МҮОНРТ-д ажиллагсдын ёс зүйн дүрэм. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн радио телевизийн ажилтан нь олон нийтийн эрх ашгийн төлөө, тэдний хяналтан дор радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ энэхүү дүрмийг сахин биелүүлж дагаж мөрдөнө. Ажилчдын үйл ажиллагааны үндсэн зорилт нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.
Ажилтан бүр өөрийн мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй. Мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх иргэний үндсэн эрхийг хэрэгжүүлэхэд байгууллагын гүйцэтгэх эрхэм үүргийг хүндлэн дээдлэх, хуулийг чанд баримтлан аливаа асуудалд нямбай хандаж соёлч боловсон харьцааг эрхэмлэх нь ажилтны ёс зүйн хэм хэмжээний үндэс мөн.

Нэг. Ажилтны ёс зүйн зарчим
1.1 Ажилтан үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд дараах ёс зүйн зарчмыг удирдлага болгоно.
1.2 Ажилтан бүр ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэний эрхийг хүндэтгэх, бодит мэдээлэл олж авах, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийн бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх, шударга ёсыг баримтлан өндөр сахилга ёс суртахуунтай байж, сонсогч үзэгчдийн итгэл хүндэтгэлийг хүлээж, мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулахдаа хараат бус байна.

Хоёр. Ажилтан мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага
2.1. Ажилтан бүр тогтоосон цагийн хуваариар ажиллана.
2.2 Ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авах, ашиг олох зорилгоор өөрийн үүрэгт ажлаа ашиглаж болохгүй.
2.3. Өөрийн танил тал, хувийн харилцаагаа ашиглан олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл, нэвтрүүлэг цацах, хууль бус үйл ажиллагаа явуулах, бусад байгууллагад давхар албан тушаал хаших, ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, борлуулах тийм оролдлого хийхийг хориглоно.
2.4. Итгэл үнэмшил, үзэл бодол, хувийн зарчимд нь харшилж байгаа үйл явдлын тухай нэвтрүүлэх, мэдээлэхийг МҮОНРТ-ийн ажилтанд удирдах ажилтнаас үүрэг болгохыг хориглоно.
2.5. Ажилтан бүр бусад ажилтны нэр хүндийг хүндэлж тэдний нэр төрийг гутаан доромжлох, сонсогч үзэгчдэд буруу ойлголт өгөх эрхгүй.
2.6. Үйлчлүүлэгчийн хууль бус шаардлагыг хүлээн авахгүй байх эрхтэй.
2.7. Ажилтан бүр үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй хандан, соёлч боловсон харьцаж, тэдний нэр төрийг гутаах, доромжлох эрхгүй.Үйлчлүүлэгчээс ч ийнхүү харилцахыг шаардах эрхтэй.
2.8. Мэдээ нэвтрүүлэгт оролцож буй хүний байр суурь, хүний эрх, нэр төрийг хүндэтгэн, хувийн амьдрал, хувь хүний талаархи мэдээллийг чанд хадгалах үүрэгтэй.
2.9. Мэдээллийн агуулгад алдаа гарсан бол тэр даруйд нь үзэгч, сонсогч заавал анзаарсан байх хэлбэрээр залруулах,эсрэг тэсрэг байр суурийн талаар мэдээлэхдээ тэнцвэртэй байдлыг хадгалах үүрэгтэй.
2.10. Мэдээллийн ил тод байх стандартад үндэслэн бүхий л мэдээллийг олон нийтэд ойлгомжтой мэдээлэх, бодит үйл явдлын мэдээлэл ба тайлбар, байр суурь ялгагдахаар байх,зөвхөн найдвартай эх сурвалжийн мэдээллийг нэвтрүүлэгтээ ашиглах үүрэгтэй.
2.11. Бусдын зохиол ашиглах үед шаардлагатай зөвшөөрлийг заавал авах үүрэгтэй.

Гурав. Хэл
3.1.Төрөлх хэлнийхээ цэвэр тунгалаг, зөв цэгцтэй, төгөлдөр яруу байдлыг телевиз, радиогийн эфирт байнга хадгалан ажиллана. Шаардлагагүй тохиолдолд гадаад үг хэрэглэн чамирхах, гудамжны болон хар ярианы бүдүүлэг хэлбэрээс цаг ямагт зайлсхийн татгалзаж байна.

Дөрөв. Иргэд, байгууллагын хууль ёсны эрхийгхамгаалах, хүндэтгэх
4.1. Хувийн амьдралын халдашгүй байдлыг хүндэтгэн хамгаална. Иргэний хувийн амьдралын нууцыг дэлгэрүүлсэн мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглахыг цээрлэнэ. Эзэмшигч нь зөвшөөрөөгүй бол хувийн амьдралынх нь талаар мэдээлэл цуглуулах зорилгоор хувийн эзэмшлийн бүсэд бичлэг хийхийг хориглоно.
• Гэр бүлийн амьдрал, хайр дурлалын хэлхээ холбоо, бэлгийн хандлага, шашин шүтлэг, нөхөрлөл, чөлөөт цаг, захидал харилцаа, телефон утасны яриа, шуудан, интернэтийн харилцаа зэрэг хувийн болон гэр бүлийн нууцыг хувийн амьдралын халдашгүй байдалд хамааруулан ойлгоно.
• Хувийн эзэмшлийн бүс гэж орон сууц, зуслан, байшин, зочид буудал, амралт сувиллын газар, эмнэлгийн өрөөг хэлнэ.
4.2. Хууль ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн нууцаар хийсэн аудио болон видео бичлэг, телефон утасны яриаг нэвтрүүлэхийг хориглоно.
4.3. Зөвхөн олон нийтийн ашиг сонирхол, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлага тулгарсан үед хувийн амьдралын халдашгүй байдлын талаарх дээр дурдсан зарчмуудыг эргэн нягталж болно.
• Үндсэн хуульт байгууллыг хамгаалах, улс орны аюулгүй байдалд учирсан аюулыг сэрэмжлэн зайлуулах, гэмт хэрэг илрүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, олон нийтийг аливаа үйлдэл, мэдээлэл, баримт бичгээр төөрөгдөлд оруулах гэсэн оролдлогыг таслан зогсоох гарцаагүй шаардлагыг олон нийтийн ашиг сонирхол хэмээн ойлгоно.
• Хувийн амьдрал нь олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, хувийн амьдралын талаарх баримт мэдээлэл нь үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь дүгнэх хэмжүүр болсон зэргээс бусад тохиолдолд улс төрийн өндөр албан тушаалтан хувийн амьдралынхаа халдашгүй байдлыг хамгаалуулах ижил тэгш эрхтэй байна.
4.4. Эрүүгийн хэрэг үүсгэсэн болон хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад байгаа, түүнчлэн шүүхээр шийдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг ашиглах, түгээхдээ онцгой анхааралтай хандана.
4.5. Гэмт хэргийн талаар мэдээлэхдээ хэрэгт хамааралгүй шалтгаанаар сэжигтэн, яллагдагч, ялтны албан тушаалын байдал, найз нөхөд, гэр бүл, төрөл садны холбоо, шашин шүтлэг, үндэсний харьяаллыг дэлгэхгүй.
4.6. Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн дүр төрх, овог нэрийг уг хүүхдийн ирээдүйг хүндэтгэх үүднээс нийтэд задруулахгүй байна.
4.7. Эцэг эх, хамаатан садных нь материаллаг байдал, албан тушаалтай холбогдуулан насанд хүрээгүй хүүхдээс ярилцлага авахаас татгалзана.
4.8. Бэлгийн гэмт хэрэгт гэрч ба хохирогчоор тогтоогдсон иргэний тухай нийтэд танигдахаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй.
4.9. Хүчирхийллийн үйлдлийг ямар зорилготой нэвтрүүлэхээс үл хамааран эсрэг байр сууринаас хамгийн бага хязгаарлалттайгаар нэвтрүүлэх.
4.10. Телевиз, радиогийн нэвтрүүлэгт хэрээс хэтэрсэн хүчирхийллийг үзүүлэхгүй.
• Хэтэрхий бодитойгоор, зөвтгөх үндэслэлгүйгээр, дэлгэрэнгүй байдлаар хүн болон адгуус амьтны амийг тасласан, хүч хэрэглэн гутаан доромжилсон дүрслэл, гэмтэл шарх, шарил чандар, сэг зэмийг нарийвчлан харуулсан байгалийн гамшиг, осол, гэмт хэргийн үр дагаврыг хэрээс хэтэрсэн хүчирхийлэл гэж ойлгоно.
4.11. Үзэгч, сонсогчдод үндэслэлгүй болгоомжлол буюу найдвар төрүүлэхөөс сэрэмжлэн анагаах ухааны салбарт гарсан ололт, нээлтийн тухай хэтэрхий дуулиан шуугиан /сенсаац/ байдлаар мэдээлэхээс зайлсхийнэ.
Тав. Ажилтны ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт
5.1. Нийт ажиллагсдын хурлаас “Ажиллагсдын ёс зүйн зөвлөл”-ийг 5 хүний бүрэлдэхүүн¬тэй¬гээр байгуулж, сонгогдсон гишүүд дундаасаа дарга, нарийн бичгийн даргыг сонгоно.
5.2. Энэхүү дүрмийн хэм хэмжээ зөрчсөн МҮОНРТ-ийн ажилтны талаарх гомдлыг уг зөвлөл хүлээн авч дүгнэлт гаргаж, удирдлага болон гомдол гаргагчид хүргүүлнэ.
5.3. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг МҮОНРТ-ийн удирдлага гаргах шийдвэртээ үндэслэл болгоно.

Хуваалцах