Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн ажилчид бүх нийтийн хурал хийж, Түр хороо байгууллаа

МҮОНРТ-ийн ажилчид өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүх нийтийн хурал хийлээ. 2014 оны 12 дугаар сарын 25-ны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилохдоо хэлсэн УИХ-ын дарга З.Энхболдын үгийг эсэргүүцэн мөн өдрийн үдэш УИ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 10 минут
МҮОНРТ-ийн ажилчид бүх нийтийн хурал хийж, Түр хороо байгууллаа
МҮОНРТ-ийн ажилчид бүх нийтийн хурал хийж, Түр хороо байгууллаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн ажилчид өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүх нийтийн хурал хийлээ. 2014 оны 12 дугаар сарын 25-ны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилохдоо хэлсэн УИХ-ын дарга З.Энхболдын үгийг эсэргүүцэн мөн өдрийн үдэш УИХ-д хандан шаардлага гаргаад байсан юм. Уг бүх нийтийн хурал болж байх үеэр УИХ-ын дарга нэгдсэн чуулганы өмнө хэлсэн үгэндээ өөрийн зүгээс хариу тайлбарыг хийсэн ч уран бүтээлчид эсрэг байр сууриа илэрхийлж, хурлаасаа түр хороо байгууллаа. Ингээд хурлын үеэр сэтгүүлч, уран бүтээлчдээс байр суурийг нь тодруулснаа хүргэе.

Өндөр хариуцлагатай индрээс тэгж хэлчихээд сүүлд нь бултаж болдоггүй юм

МҮОНРТ-ийнЕрөнхий захирал М.Наранбаатар:

-Өнөөдрийн чуулганы эхэнд УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг хавтгайруулж архичин гэж хэлээгүй, буруу ойлгосон гэж тайлбар хийсэн байна?
-Тэгж булзаж, бултаж болдоггүй юм. Монгол Улсад төрийн эрх барих дээд байгууллага нь парламент. Түүнийг удирдаж байгаа хүн өндөр хариуцлагатай индрээс тийм зүйл хэлчихээд сүүлд нь бултаж болдоггүй юм. Энэ хамт олон чинь боловсролтой, мэдлэгтэй, нэр хүндтэй, өөрсдийгөө үнэлдэг, хүмүүс. Тэгэхээр УИХ-ын даргын хэлсэн “Би та нарыг хэлээгүй. Өөр хүнийг хэлсэн юм аа” гэдэг үгэнд хууртахгүй. Ер нь “Арван хүний хийдэг ажлыг 76 хүн хийж байна. 17 гишүүн чинь согтуу байна архи, дарсаа болиоч” гэвэл парламентын гишүүдэд ямар сонсогдох вэ.

Манай хамт олон үнэхээр бухимдалтай байна. Хэлээд байгаа аймшгийн газар нь харин тэнд парламентад байгаа юм биш үү гэж байна. Хүмүүс их өндөр албан тушаалыг дагаж үнэн явдаг гэж ойлгоод байдаг юм. Гэтэл үгүй юм байна. Энд үгүйсгэл, өс хонзон, өчүүхэн жижиг өөрийнх нь санаархал явдаг юм байна.

-Өчигдөр чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд “Үндэсний зөвлөлийн хуучин гишүүд төсөв нь 50 хувиар танагдаж байхад энэ талаар хөөцөлдөж яваагүй, хариуцлага муутай. Тэгэхээр шинээр томилогдож байгаа гишүүд илүү сайн ажиллаарай” гэдгийг хэлж байсан?
-Тэр бол манай Үндэсний зөвлөлийн гишүүдийн л хийх ажил. Хуулиндаа Үндэсний зөвлөл төсвийг өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулна гэж байдаг. Төсвийн хойноос яагаад ганцхан Ерөнхий захирал нь яваад Үндэсний зөвлөл нь явдаггүй юм. Яагаад нэг нь ч очиж уулзаж өөрсдийнхөө байдлыг ойлгуулаагүй байгаа юм бэ. УИХ-ын даргаасаа эхлээд 100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг гэж ойлгож байгаа хүмүүсийн хувьд төсвийг 50 хувь танана гэдэг харин ч бага хэрэг болж байх шиг байна.

Их эрх мэдлийг дагаж “үнэн” өмчлөгддөг

Үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Гомбосүрэн:

-УИХ-ын дарга өчигдөр байгууллагын тухайд нэлээд хатуу шүүмжлэл хэлж, шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд “очиж цэгцлээрэй” гэж захилаа. Би үүний талаар юу гэж бодож байгаагаа дуулгахаар ирсэн юм. Энэ хүний хэлж байгаа дутагдлууд үнэхээр МҮОНРТ-д байдаг бол тал нь үгүй болж байгаа Үндэсний зөвлөл үүнд томоохон хариуцлага хүлээх ёстой юм байна гэж бодож байна. Би та нарт тал засах, саймшрах хэрэг байхгүй. Зургаан жилийн өмнө хамт олны дунд популизм хийх сонирхолтой байсан байж болно. Гэтэл зургаан хоногийн дараа явах гэж байгаа надад ямар юмны тийм зүйл байхав. Та бүхний санаа бодолтой санаа нийлж байна гээд хашгичих гэж ч ирсэнгүй. Үндэсний зөвлөл, МҮОНРТ хоёр яаж хамтарч ажиллах ёстой юм бэ гэх бодол сэтгэл эзэмдэж байна. Нууцгүй хэлэхэд үүнтэй холбоотой хоёр асуудал гарч байна.

УИХ-ын даргын хэлсэн үг үнэхээр үнэн бол түүнийг хэрхэн арилгах вэ, нөгөөтэйгүүр Үндэсний зөвлөлийн гишүүдэд үүнийг цэгцлээрэй гэж үүрэг өгч явуулж байгаа бол өмнөх Үндэсний зөвлөлийн гишүүд ямар хариуцлага тооцох вэ гэх асуудал гарч ирнэ. Хар ухаанаар бодвол Үндэсний зөвлөлийн дарга огцрох ёстой байх. Өнөөдөр энэ хуралд ирвэл нүүрэн дээр нь хэлье гэж бодож байсан юм. Гэхдээ УИХ-ын даргын хэлсэн үг “үнэн” гэж би бодохгүй байна.

Товчхондоо хэлэхэд, та бүгдийн өчигдрийн эгдүүцэл, бухимдлыг ойлгож байна. Ер нь “Их эрх мэдлийг дагаж үнэнийг өмчлөх” гэдэг хандлага хорвоо дээр их эртнээс байсан. Түүнийг дагаад өндөр албан тушаалын хүн тийм зүйлийг ярихад олон түмэн түүний ярианд итгэнэ дээ. Тийм учраас УИХ-ын даргын тэр яриа та бүхний эрх ашгийг ноцтой хөндлөө гэж би үзэж, “дургүйцэж” байгаа. Зургаан жилийн турш Үндэсний зөвлөлийн гишүүн байлаа. Энэ хугацаанд би та бүхэнтэй хамтарч ажилласан гэж боддог.

Бид аймшгийн газраас аймшгийн үг сонсоод сандарч суудаг хүмүүс биш
МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Ж.Сарантуяа:
-Үндэсний зөвлөлийн гишүүн үг хэллээ. Харин би танд хандаж үг хэлмээр байна. Өнөөдрийн хуралд таны хэлсэн үг надад таалагдсангүй. Эсвэл би сайн ойлгоогүй байж болно. Ер нь томилогдож ирж байгаа зөвлөлийн гишүүд ийм байвал бид хүлээж авахгүй. Тэр хүмүүсийг ирэхээр нь энд суулгаж байгаад асуулт тавьж, шалгалт авна. Тэр хүмүүс биднийг шалгаж, шүүхээр ирж байгаа бол бид ч гэсэн шалгалт авах эрхтэй.Зөвлөлийн гишүүдээс “Та бүхэн манай телевизийн талаар хэр мэдэх вэ, манай сэтгүүлч, инженер, техникийн ажилчидтай нэвтрүүлэгт явж үзсэн үү, манай ямар нэгэн нэвтрүүлэгт уригдаж байсан уу” гэж асууна. Өчигдөр биднийг аймшигтай хүмүүс гэсэн. Яг үнэндээ УИХ-ын танхим аймшгийн газар. Бид аймшгийн газраас аймшгийн үг сонсоод сандарч суудаг хүмүүс биш.

40, 50 жил хөдөлмөрлөөд насныхаа тэтгэвэрт суусан бид үнэхээр гомдож байна

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Вандандорж:

-Ахмад уран бүтээлчид санаа зовоод ирж уулзацгааж байна. Бид хэдий олон жил ард түмэнд шуурхай мэдээлэл хүргэхийн тулд ажилласан билээ дээ. Тэгэхэд УИХ-ын даргын хэлсэн үгэнд 40, 50 жил хөдөлмөрлөөд насныхаа тэтгэвэрт суусан бид хүртэл үнэхээр гомдож байна. Өөрийнхөө биеийг хүртэл хайхралгүй ажиллаж ирсэн биднийг хэлж боломгүй үгээр доромжилсныг тэвчиж чадсангүй ирлээ.

Манай МҮОНРТ-ийн уран бүтээлчид хөдөө орон нутагт, нэг малчны хотонд болж байгаа аюул, баяр баясгалан гээд бүх зүйлийг л мэдээлдэг. Цаашдаа УИХ-ын даргыг Ёс зүйн хороонд мэдэгдэх ч юмуу, ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Тэр үг бол зөвхөн МҮОНРТ-ийн 700 хүнийг биш, Монголын нийт ард түмнийг доромжилж байгаа гэсэн үг шүү дээ.

Мэргэжлийн хамт олон байж л чансаатай бүтээл төрдөг

МҮОНТ-ийн редактор Ш.Ёолк:

-УИХ-ын даргын энэ мэдэгдэл тэр индэр дээрээс хэлэх үг мөн үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Хэл нь халтираад хэлчихсэн бол хувь хүнийг нь хөөрхий дөө гэхсэн. Гэвч тэр үг их дээрээс шидсэн чулуу шиг бодлоготой, энэ байгууллагыг элгээр нь мөлхүүлэх гэсэн олон жилийн бодлогын үр дүн нь хатиг шиг дэлбэрлээ гэж би хувьдаа ойлгож байна. Ерөөсөө энэ саарал байшинг яаж ийж туйлдуулж байгаад үлдэгдэл дээр нь найрлах гэсэн бодолтой хүмүүс сүүлийн хэдэн парламентын турш байсан. Эндээс хоол идээд хүний зэрэгт хүрсэн З.Алтай хүртэл энэ байгууллагыг унагахын төлөө явж л байсан. Тэгэхээр нэг ийм бүлэглэл байгаа юм гэж би хэлэх гээд байна. Энэ бүлэглэлийн эрх ашиг, үнэн нүүр царай нь илэрч гарч байгаа нь энэ. Манайхыг 100 хүний хийх ажлыг 700 хүн хийлээ гээд байгаа юм. “Дөрвөн хүн шавар нухна, нэг хүн ялаа үргээнэ, хоёр хүн алсын бараа харна” гэж Монгол ардын тэмээний тухай оньсого байдаг. Тэр оньсого манайд яг таарна. Мэргэжлийн хамт олон байж л чансаатай бүтээл төрдөг.

Их гашуун жишээ бий шүү. 1990-ээд оны үед улс орон нэг нийгмээс нөгөөд шилжих гээд хямарч байхад АН24 гээд дор хаяж 70 зорчигчтой явдаг онгоцны хоёрдугаар нисгэгчийг нь орон тоогоор хассан юм. Тэгээд үүнээс бол Марзын сүйрэл, Хөвсгөлийн Байшинтын сүйрэл гарсан. Тэгэхээр дууны найруулагчгүй, зураглаачгүй, сэтгүүлчгүй бол бид яаж ажиллах юм бэ. Энэ мэргэжлийн байгууллагын мэргэжлийн орон тоог хасахаар дээр өгүүлсэн онгоцны сүйрэлтэй адилхан л юм болно. Оюуны үйлдвэрлэл хийж байгаа газар бүр аймшигтай том сүйрэл болно. Үүнийг олж харахгүй байгааг нь гайхаж байна. Арилжааны телевизэд зохиолоо өөрөө бичиж, найруулж, зургаа авдаг сайн хүн байж болно л доо. Гэхдээ гарч байгаа бүтээл нь ямар байна гэдгийг өргөн олон үзэгчид мэднэ. Тэд үнэлнэ.

Төрийн гурван өндөрлөгийн нэг УИХ-ын дарга хүн арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг сайн гэж байна. Гэтэл тэнд нүцгэн хүүхэн, алаан хядаан, зодоон, цус нөж л гардаг. Үүнийг сайн нэвтрүүлэг гэж харж байна. Гэтэл үндэсний соёл, түүхийн тухай, нэг сайхан туульчийн тухай, малчны тухай нэвтрүүлэг гарахаар “Наадах чинь муухай байна” гээд сувгаа сольж Солонгосын сериалаа үздэг. Ийм хэмжээнд хүртлээ арилжааны телевиз, мэргэжлийн телевиз хоёрыг ялгахаа больчихсон байна. Биднийг ийм зүйл рүү явуулах гээд байна. Тэгэхээр бид хэрэв мэргэжлийн уран бүтээлчид юм бол энэ байгууллагын амин сүнс нь мөн юм бол тэмцэх л ёстой. Бидний ард Монголын мянга мянган үзэгчид байгаа. УИХ-ын дарга, гишүүд нь энэ мэтийн учрыг ойлгож чаддаггүй юм бол ард түмнээсээ асууя л даа. Бид олон нийтийн телевиз учраас байгаа эрх нь тэр байна. Монголын нийт ард түмний дунд “Энэ байгууллага тарах ёстой юу, үгүй юу” гэж эфирээрээ санал асуулга явуулъя л даа.

Энэ үг зөвхөн 700 хүнийг биш телевизийн урлагийн үнэ цэнийг үгүй хийж байна

МҮОНТ-ийн редактор Л.Цагаандалай:

-Энэ байшинд тийм аюултай хүмүүс байдаг тухай яриа зөвхөн өчигдрөөс эхлэн яригдсан зүйл биш юм. Радио, телевизийн хууль батлагдаад анхны Үндэсний зөвлөлийн гишүүд сонгогдож ирэхдээ л ийм зүйл ярьж ирсэн. Харин өчигдөр УИХ-ын дарга индэр дээрээс олон түмэнд хүрэхээр “том” хэллээ. Энд 700 архичин, аймшгийн хүмүүс ажилладаг гэж үзэж байгаа бол бүгдийг нь халаад дахиад 700 хүнийг ажилд авч болно. Тэр 700-г өнөөдрийнх шиг л хувь заяа хүлээнэ.
“100 хүний хийх зүйлийг 700 хүн хийж байна, бусад телевизээр гардаг гоё нэвтрүүлгүүд гарахгүй байна” гэж УИХ-ын гишүүд төсөв батлахдаа ч, өчигдрийн хуралдаан дээр ч ярьж байна лээ. Манай УИХ-ын гишүүдийн оюуны сав телевизийн жинхэнэ уран бүтээл, Солонгосын савангийн дуурь хоёроо ялгахгүй болтлоо “ядуурсан” түвшинд оччихжээ.

Төрийн бодлогыг тодорхойлох оюуны цөм маань тийм байдалд орж болох юм уу. МҮОНРТ гэх энэ айлд зөвхөн радио, телевизийн урлагаар мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс ажилладаг юм шүү. Эднийг гаргаад юм оё гэвэл чадахгүй хүн олон байгаа байх. Гэхдээ энэ “гэртээ” хамгийн шилдгүүд байдаг юм шүү. МҮОНРТ гэдэг айл мэргэжилтнүүдийн уурхай. Өнөөдөр арилжааны телевиз гэж байна. Тэнд ажиллаж байгаа дарга, мэргэжилтнүүд энэ айлаас бэлтгэгдэж гардаг учраас арилжааны телевизүүдэд гол хөдөлгөх хүчин нь болж явдаг юм.
УИХ-ын дарга их хурал дээр хэлсэн үг энд ажиллаж байгаа 700 хүнийг биш бүхэл бүтэн улсын радио, телевизийн урлаг, мэдээний том урсгалын үнэ цэнийг үгүй хийж магадгүй ирээдүй харагдаж байна.

Телевизийн микрофон барьж үзээгүй, телевизийн урлагийг ойлгодоггүй, мэддэггүй хүмүүс энэ байгууллагын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо ийм хариуцлагагүй байж болохгүй.
Эцэст ганц зүйл хэлье. Хувийн болоод хувьсгалын ч бай хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа сэтгүүлчид үзэл бодлоо өөрийнхөөрөө гаргаж байгаач ээ. Хэн нэгэн МҮОНРТ руу дайрвал дагаад л дайрдаг. Яг цаана нь юу болж байгааг мэддэггүй. Телевиз, телевизийн бүтээл хоёроо ялгадаг байгаач ээ. Телевиз гэдэг бол зөвхөн гаргадаг нь, телевизийн бүтээл гэдэг нь тэр дотроос үнэнийг мэдээлж буй бүхэл бүтэн багийн ажиллагааг хэлдэг юм шүү.

Дэлхий даяар ингэж доромжлуулж байгаадаа дургүй хүрч байна

МN2 телевизийн Ерөнхий найруулагч С.Алтансүх:

-Нэг зүйлийг хэлэхэд, Монгол хэлнээс монгол хэл рүү орчуулга хийх дэмий л юм байгаа юм. З.Энхболд дарга өөрөө өчигдөр монгол хэлээр тэгж хэлчихээд өнөөдөр тэрийг ухаж ойлгоод залруулга хийж байгаа бололтой. Энэ асуудлаас болоод манай МҮОНРТ-ийн ахмад уран бүтээлчид санаа нь зовоод ирж байна. Мөн залуу уран бүтээлчид, хараахан жинхэлж амжаагүй гэрээт ажилчид ч энд байна. Яагаад гэхээр эдгээр хүмүүс бүгд энэ байгууллагаар овоглуулахыг хүсдэг. Зарим нь байгууллагаараа овоглуулаад удчихсан. Тэгэхээр өөрсдийгөө овоглуулдаг энэ байгууллагаа орон даяар, цаашлаад дэлхий даяар ингэж доромжлуулж байгаадаа үнэхээр дургүй хүрч байна. Олон улсад төр засгийн дээд байгууллага нь олон нийтийн гэдэг үнэ цэнэтэй байгууллагаа тэгж доромжилдог жишээ байхгүй биз.

Хуваалцах