МҮОНРТ-ийн ажилчид, уран бүтээлчид цусаа хандивлалаа
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв бүтэн жилийн турш ажлын бүх өдрүүдэд цус цуглуулах, донор элсүүлэх ажлыг зохион байгуулдаг.
Мэдээллийн алба

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв бүтэн жилийн турш ажлын бүх өдрүүдэд цус цуглуулах, донор элсүүлэх ажлыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд тэд төрийн болон хувийн хэвшил, төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдээс цус авдаг. Тэгвэл МҮОНРТ жилд хоёр удаа цус бэлэглэх аян нэгддэг юм.

Өнөөдөр ЦССҮТ-ийн Донор зохион байгуулах тасгийнхан МҮОНРТ-ийн байранд ирж, ажилчид, уран бүтээлчдээс цус цуглууллаа. Энэ үеэр Донор зохион байгуулах тасгийн Их эмч Р.Энхтуяа "Улс орны хэмжээнд эмнэлгүүдэд цусны хэрэгцээ тогтмол өсч байгаа. Цусаа хандивлах нь эрдэнэт хүний амь насыг аврах нэг алхам гэдгийг дахин хэлмээр байна. МҮОНРТ-ийн хувьд тогтмол цусаа өгдөг донор олон нэмэгдэж байна" гэж ярилаа.
Дашрамд хэлэхэд, цусаа хандивлаж, сайн үйлсэд нэгдэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж ЦССҮТ-ийн нийгмийн ажилтан болон тус төвд хандаж, урьдчилсан танилцуулга мэдээлэл авснаар цусаа өгч, сайн үйлсийн аянд нэгдэх боломжтой юм.


















