МҮОНРТ-ийн ээлжит хуралдаан боллоо
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Хуралдаанаар МҮОНРТ-ийн Дэд захирал зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх тухай журмыг баталсан байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Хуралдаанаар МҮОНРТ-ийн Дэд захирал зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх тухай журмыг баталсан байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ДЭД ЗАХИРАЛ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙН ДАРГА НАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ,
ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар Олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Журам нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэл болгоно.
Хоёр. Сонгон шалгаруулалтаар томилогдох албан тушаалтнууд
2.1 МҮОНРТ-ийн Дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг энэхүү журмын дагуу сонгон шалгаруулж, сонгон шалгаруулалтын дүнг Үндэсний зөвлөлд танилцуулсаны үндсэн дээр Ерөнхий захирал тухайн албан тушаалтаныг томилно. Зохион байгуулалтын нэгж гэж Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц /схем/-ийн нэгжийг хэлнэ.
Гурав.МҮОНРТ-ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулахад тавигдах ерөнхий шаардлага
3.1 МҮОНРТ-ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарын сонгон шалгаруулалтанд оролцогчидод тавигдах ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан байх.
Дөрөв. Бүрдүүлэх материал
4.1 Сонгон шалгаруулалтанд оролцогчид цаашид “оролцогч” гэх дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
4.1.1 Дэлгэрэнгүй анкет /төрийн албан хаагчдын анкетын загвараар/
4.1.2 Цээж зураг 2 хувь
4.1.3 Их, дээд сургууль төгссөн диплом болон эрдмийн цол, зэргийн үнэмлэхийн хуулбар
4.1.4 Гадаад хэлний мэдлэгийн түвшин нотлох үнэмлэх, гэрчилгээ
4.1.5 Иргэний үнэмлэхийн хуулбар
4.1.6 Өмнө ажиллаж байсан байгууллага, болон хамт олны төлөөлөгч 2-оос доошгүй хүний тодорхойлолт,
4.1.7 Ял шийтгэлгүй тухай тодорхойлолт
4.1.8 Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө
4.2 Оролцогчид хуулбар материалыг нотариатаар баталгаажуулсан байх ба шаардлагатай гэж үзвэл эх хувийг гаргуулж болно.
4.3 Ажлын хэсгээс журмын 3.1-д заасан шаардлагын дагуу нэмэлт материал шаардаж болно.
Тав. Сонгон шалгаруулалтанд нэр дэвшүүлэх
5.1 Сонгон шалгаруулалтанд хувь хүн өөрөө нэрээ дэвшүүлнэ.
Зургаа. Сонгон шалгаруулалт явуулах
6.1 Сонгон шалгаруулах Ажлын хэсэг 5 хүртэл сондгой тооны гишүүнтэй байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн албан тушаалтанд шууд захирагддаг ажилтныг оруулахгүй.
6.2 Сонгон шалгаруулалт хийх Ажлын хэсгийг Үндэсний зөвлөлөөс байгуулна.
6.3 Ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдлыг Үндэсний зөвлөл хүлээн авч шийдвэрлэнэ.
6.4 Ажлын хэсгийн үйл ажиллагаанд МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл ажиглагчаар оролцож болно.
Долоо. Сонгон шалгаруулалтын зарыг түгээх
7.1 Ажлын хэсгийн сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр түгээнэ.
7.2 Зард сонгон шалгаруулалт явуулах албан тушаалын нэр, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, материал хүлээн авалт, сонгон шалгаруулалт явуулах газар, цаг хугацаа зэргийг тусгасан байна.
7.3 Сонгон шалгаруулалтын зарыг түгээсэн сонин хэвлэлийн эх материал нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны бичиг баримтын салшгүй хэсэг болно.
7.4 Сонгон шалгаруулалтанд оролцогчийн материалыг сонгон шалгаруулалт зарласнаас хойш ажлын 5 өдрийн дотор хүлээж авна. Материал хүлээн авах хугацаа мөн өдрийн ажлын цаг буюу 17:00 цагаар тасалбар болно.
Найм. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг хүлээн авах, бүртгэх
8.1 Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчдоос битүүмжилсэн материалыг огноо, цаг, минутыг тэмдэглэн оролцогчоор гарын үсэг зуруулж хүлээн авна.
8.2 Сонгон шалгаруулалтын материал хүлээж авах бүртгэлийн хугацаа дуусахад Ажлын хэсэг ирсэн материалуудтай нэг бүрчлэн танилцаж шаардлага хангасан материалуудыг бүртгэн, хүн тус бүр дээр хувийн хэрэг хөтөлнө.
8.3 Ажлын хэсэг оролцогчдын материалыг авч баримтжуулан хадгална.
Ес. Сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаа
9.1 Оролцогчдод сонгон шалгаруулалт явуулах газар, хугацаа, дүгнэх журмын талаар жич мэдэгдэнэ.
9.2 Тухайн албан тушаалд 2-оос доошгүй хүн өрсөлдсөн тохиолдолд хүчинтэйд тооцно.
9.3 Сонгон шалгаруулалтыг дүгнэх журмыг Ажлын хэсэг боловсруулж, Үндэсний зөвлөлийн даргаар батлуулна.
Арав. Сонгон шалгаруулалтанд оролцогчдыг дүгнэх
10.1 Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын дүнг гаргаж, гишүүд тус бүр гарын үсэг зурж баталгаажуулан, шалгаруулалтын дүнг Ерөнхий захирал Үндэсний зөвлөлд танилцуулна.
10.2 Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын материалуудтай нэг бүрчлэн танилцаж сонгон шалгаруулалтанд оролцогчдын материал, сонгон шалгаруулалтын дүн болон МҮОНРТ-ийн дэд захирал зохион байгуулалтын нэгжийн дарга нарын албан тушаалд томилох болзол хангасан нэр дэвшигчийн материалыг Ерөнхий захиралд хүлээлгэн өгнө.
Арван нэг. МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг томилох
11.1 Ерөнхий захирал МҮОНРТ-ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарын албан тушаал дээр томилох иргэнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж, МҮОНРТ-ийн Ерөнхий захиралын тушаалаар томилно.
11.2 Сонгон шалгаруулалтанд оролцсон боловч тухайн албан тушаалд томилогдоогүй иргэнийг хэрэв өөрийг нь хүсвэл МҮОНРТ-ийн хүний нөөцөд бүртгэж авч болно.
11.3 Уг албан тушаалтануудыг хугацааны өмнө халах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх бол “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хууль болон түүнтэй байгуулсан гэрээг баримтлан Үндэсний зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
Арван хоёр. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг хадгалах
12.1 Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг эргүүлж олгохгүй, оролцогч хүсвэл бүрдүүлж өгсөн материалаасаа хуулбарлан авч болно.
12.2 МҮОНРТ-ийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн дарга нарын сонгон шалгаруулалтын баримт материалыг байгууллагын хүний нөөцийн албанд шилжүүлнэ.
12.3 МҮОНРТ-ийн хүний нөөцийн алба сонгон шалгаруулалтын материалуудыг зохих журмын дагуу хадгална.
Арван гурав. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх
13.1 Сонгон шалгаруулалтын үед гарсан аливаа санал гомдол, маргаантай асуудлыг хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
13.2 Ажлын хэсгийн гишүүн, Сонгон шалгаруулалтанд оролцогчид нь дараах үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Үндэсний зөвлөлд гаргах эрхтэй. Үүнд:
13.2.1 Сонгон шалгаруулалтын материал задарсан бол
13.2.2 Сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл алдагдсан бол
13.2.3 Оролцогчийн материалыг санаатай будлиулсан, устгасан бол
13.2.4Ажлын хэсгийн үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцсон бол
13.3 Үндэсний Зөвлөл2-д заасан гомдлыг хянан шалгаад үндэслэлтэй гэж үзвэл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож дахин сонгон шалгаруулалт явуулна.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ


















