Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ хүүхдэд зориулсан “Маамуу” булантай боллоо

Хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Контент” ХХК-ийн зүгээс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд хүүхдүүдэд зориулан “Маамуу” нэртэй булан байгуулж, тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МҮОНРТ хүүхдэд зориулсан “Маамуу” булантай боллоо
МҮОНРТ хүүхдэд зориулсан “Маамуу” булантай боллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг нар 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар “Маамуу” хүүхдийн нэвтрүүлэг Үндэсний телевизээр үзэгч багачуудад хүрч эхэлсэн билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Контент” ХХК-ийн зүгээс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд хүүхдүүдэд зориулан “Маамуу” нэртэй булан байгуулж, тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө. Мөн тус компанийн зүгээс “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгт “Маамуу” брэндийн үндэсний дүр болох Аами, Таами чихмэл болон элсний тоглоом гардуулан өгсөн юм.

МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг "“МҮОНРТ “Монгол контент” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Маамуу” нэртэй буланг шинээр байгуулж, тохижуулаад байна. Бид үндэсний шилдэг контент бүтээгчидтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ булан “MNB-гийн хүүхдүүд цэцэрлэг”-ийн багачууд болон МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн хүүхдүүд, манай байгууллагаар зочилж буй хүүхэд багачуудад нээлттэй байх болно" гэв.

“Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг “”Маамуу” хүүхдийн нэвтрүүлэг өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр зохион байгуулсан Үндэсний бүтээлийн уралдааны “Хүүхдэд зориулсан үндэсний бүтээл” төрөлд тэргүүн байр эзэлсэн. Бид МҮОНРТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаасаа хойш нийтдээ 200-гаад нэвтрүүлэг бэлтгээд байна. Долоо хоногт хоёр дугаар үзэгчдэд хүрдэг. Өнөөдөр МҮОНРТ-ийн байранд “Маамуу” нэртэй шинэ булан тохижуулж, хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Тав орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ" гэлээ.

MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч С.Нямжав “МҮОНРТ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд “MNB-гийн хүүхдүүд цэцэрлэг”-ийг анх үүсгэн байгуулсан. Өдгөө гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай цэцэрлэг 121 гаруй хүүхдийн хүчин чадалтай. Тэдний 70 гаруй хувь нь МҮОНРТ-ийн ажилтнуудын хүүхдүүд. “Маамуу” төслийнхөн цэцэрлэгт маань сургалтын хэрэглэгдэхүүн болон бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг барьж байгаад баяртай байна. Мөн манай таван анги, нэг урлаг заалыг тохижуулж өгсөн" гэв.

“Маамуу” төсөл бага насны хүүхдийн боловсролд зориулсан олон төрлийн контент бүтээн МҮОНРТ-ээр бяцхан хүүхдүүдийн хүртээл болгосоор байна. Түүнчлэн “Монгол Контент” ХХК анимэйшн цувралаа олон улсын стандартад нийцүүлэн 3D форматаар бүтээж эхэлжээ. Тэд Хүүхдийн баяр, Улсын наадам, Хичээлийн шинэ жилд зориулан тусгай нэвтрүүлэг бэлтгэж цацахаар бэлтгэл ажилдаа ороод буй юм байна.

Хуваалцах