Мьянмарын төрийн албан хаагчид цэргийн дэглэмийн эсрэг жагсаалд нэгджээ
Мьянмарын төрийн өндөр албан тушаалтнууд болон цагдаа нар энэ сарын эхээр болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд нэгдэж, оролцож байна.
Мэдээллийн алба

Мьянмарын төрийн өндөр албан тушаалтнууд болон цагдаа нар энэ сарын эхээр болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд нэгдэж, оролцож байна. Харин тус улсын цэргийнхэн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхийг олон нийтэд уриалж байгаа хүмүүст хатуу хариуцлага тооцохоо мэдэгджээ. Өчигдөр Мьянмарын нийслэл Нейпыйдо, хамгийн том хот Янгон болон бусад хотуудад олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.
Мьянмарын ард иргэд өнгөрсөн 7 хоногийн бямба гарагаас хойш тасралтгүй 5 хоног цэргийнхний төрийн эргэлтийг эсэргүүцэж жагсаж байна. Каяах мужид гэхэд цагдаагийн 50 гаруй офицер ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, жагсаалд нэгджээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байгаа төрийн албан хаагчид дунд эрчим хүч, барилгын сайд зэрэг 5 яамны сайд нар байгаа юм байна. Тэд цэргийнхэн тэргүүлсэн засгийн газрын үйл ажиллагааг зогсоохын төлөө жагсаж байгаагаа хэвлэлд ярьжээ.
Харин өчигдөр шөнө Мьянмарын арми жагсаалд төрийн албан хаагчдыг оролцохыг уриалж байгаа хүмүүсийг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ анхааруулсан байна.


















