Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг буруугүй болох нь тогтоогджээ

Монголын Зохиолчдын Эвлэлийн 15 дугаар Их чуулган өнгөрсөн намар болсон билээ. Уг хурлыг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг тухайн үед МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг ССАЖЯ-нд хандаж хүсэлт гаргасны дагуу Соёл, урлагийг дэмжих сангаас 72.6 сая төгрөгийг гаргуулж авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг буруугүй болох нь тогтоогджээ
МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг буруугүй болох нь тогтоогджээ. Зураг: МҮОНРТ

Монголын Зохиолчдын Эвлэлийн 15 дугаар Их чуулган өнгөрсөн намар болсон билээ. Уг хурлыг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг тухайн үед МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг ССАЖЯ-нд хандаж хүсэлт гаргасны дагуу Соёл, урлагийг дэмжих сангаас 72.6 сая төгрөгийг гаргуулж авчээ. Гэтэл хурал болсноос хойш ердөө хоёрхон хоногийн дараа нэр бүхий хүний хүсэлтээр Д.Нацагдоржийн музейг зориулалтын бусаар ашигласан, Соёл, урлагийг дэмжих сангаас авсан мөнгийг хувьдаа завшсан хэмээн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг АТГ-т өгч шалгуулсан аж. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Б.Нандинболор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг 2014 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр үйлдэн прокурорын хяналтад гурав хоногийн дараа хүргүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Бадамцэцэг Г.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэснийг хүлээн авч хянасны дагуу 2009 оны есдүгээр сард Д.Нацагдоржийн музейн барилгыг “Экстра Пауер” ХХК-д хоёр жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулан түрээсийн төлбөрийг өөрийн банкин дахь дансаар шилжүүлэн авч завшин үрэгдүүлсэн гэх үйлдэлд мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. “Экстра Пауер” ХХК нь Д.Нацагдоржийн музейн барилгыг хоёр жилийн хугацаатай түрээслэсэн нь гэрээгээр тогтоогдсон аж. Мөн тус компани нь байрны түрээсийн төлбөрийг төлөөгүй шалтгааны улмаас түрээсийн төлбөр болох 15 сая 372 мянган төгрөгийг гаргуулах, музейн барилгыг чөлөөлөх талаар МЗЭ-ээс шүүхэд нэхэмжлэх гаргасан боловч шүүхийн шатанд хоёр тал харилцан тохиролцож эвлэрсэн болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 550 дугаартай захирамжаар тогтоогджээ.

Дээрх захирамжийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан боловч “Экстра Пауэр” ХХК-иас шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг буцаан авч чадаагүй аж. “Акпар Аудит” ХХК-ийн аудитор Д.Эрдэнэсүрэнгийн шинжээчийн дүгнэлтээр МЗЭ ТББ-ын байрны түрээс, хандивыг байгууллагын дансанд болон кассанд тушааж байсан нь тогтоогджээ. Мөн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нь 2009-2013 оны хооронд МЗЭ-ийн байрны түрээс, хандиваар орж ирсэн мөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэх баримт олдоогүй байна. Үүнээс гадна ССАЖЯ-наас МЗЭ-ийн 15 дугаар Их хурлын үйл ажиллагаанд зориулж олгогдсон 72.6 сая төгрөгийн санхүүжилтээс Г.Мөнхцэцэг нь хувьдаа завшиж, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй аж. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлд заасны дагуу Г.Мөнхцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хуваалцах