Н.АЛТАНХУЯГ: Гүтгэлэгийн шинжтэй томоохон үзэл суртлын компанит ажил гадуур их явагдах боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 7 хоногийн тутмын Пүрэв гарагт хийдэг ээлжит “Ерөнхий Сайдын 30 минут” мэдээллийн цагаараа зарим нэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. Энэхүү мэдээллийн цаг дээр яригдсан мэдээллийг багцлан хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 7 хоногийн тутмын Пүрэв гарагт хийдэг ээлжит “Ерөнхий Сайдын 30 минут” мэдээллийн цагаараа зарим нэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. Энэхүү мэдээллийн цаг дээр яригдсан мэдээллийг багцлан хүргэж байна.
Ерөнхий Сайд Н.Алтанхуяг: Өнөөдрийн мэдээллээр хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт, эдийн засгийн асуудал сүүлийн үед их яригдах болсон. Үүнд, олон янзын хүмүүс, тал талын тайлбар, дүгнэлтийг хийж байгаа.
Ихэнх дүгнэлт, үндэслэл тооцоо,судалгаа, тоо баримт муутай. Эдийн засгийн асуудлаар бид нар таван зүйлийг мэдэх ёстой, та бүхэн ч гэсэн хараарай. Эдийн засгийн тухай сайн муу асуудлыг хэн нэгэн ярихгүй, статистикийн тоо баримтанд тулгуурлаж ярих учиртай.
Өнөөдрийн байдлаар эхнийн 7 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа вэ гэсэн статистикийн тоо баримт гарсан байгаа. Нэгдүгээрт, эдийн засаг ямар байна вэ гэдгийг тодорхойлдог хүчин зүйл бол эдийн засгийн өсөлт байдаг юм. Өнгөрсөн 6 сарын байдлаар 11.3 хувийн өсөлттэй гарсан. Үүнийг 2012 оны төгсгөлд гарсан нийгэм, эдийн засгийн өсөлт болох 12.4 хувьтай харьцуулж хэлж байна. Тэгэхээр өнөөгийн 6 сарын байдлаар гарсан 11.3 хувийн өсөлт гэдэг бол өөрөө бодит том үзүүлэлт гэдгийг хэлье. Тиймээс энэхүү тоогоо тойроод сайхан ярилцах хэрэгтэй.
Хоёрдугаарт, инфляци буюу аливаа юмны өсөлт ямар байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. 2012 оны төгсгөлд инфляци жилийнхээ дүнгээр 14 хувиар өссөн байсан. Харин энэ удаа 8.3 хувьтай байна. 2012 оны дундаж инфляци 8 хувьтай байсан бол оны эхэнд 4.9 хувьтай гарсан. Өнгөрсөн 2012 онд ямар байсан юм гэхээр 10.5 хувьтай байсан. Аливаа юмны үнийн өсөлтийг хазаарлая, хязгаарлая гэсэн Засгийн газрын бодлого маш амжилттай хэрэгжсэн. Юмны үнийн өсөлтийг өнгөрсөн жилийнхэнтэй харьцуулах юм бол хоёр дахин бага байгаа юм.
Гуравдугаарт, ажлын байр нэмэгдсэн, ажилгүйчүүдийн тоо багассан. Монгол хүн монголдоо сайхан амьдрая хөтөлбөрийн хүрээнд 37 мянган ажлын байр шинээр бий болсон. Би дандаа статистикийн улаан номны тоо ярьж байгаа учраас, миний зохиосон тоо байхгүй шүү. Түүнчлэн барилга болон хөдөө аж ахуйн салбарт томоохон ахиц дэвшлүүд гарсан.
Ийм гурван үзүүлэлтийг онцлоод хэлье. Цаана үлдээд байгаа хоёр үзүүлэлт сөрөг байна. Нэгдүгээрт, гадаад хөрөнгө оруулалт багассан, энэ бол үнэн. Хоёрдугаарт, валютын ханш өссөн, энэ бас үнэн.
Засгийн газар сөрөг үзүүлэлтэй байгаа хоёр үзүүлэлтийг хэрхэн эерэг болгох уу гэдэг дээр онцгойлон анхаарлаа хандуулан ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаанууд нэгдүгээрт, Оюутолгой өнгөрсөн 2-3 жилд оруулах ёстой хөрөнгө оруулалтаа хийж дууссан. Харин дахин шинэ хөрөнгө оруулалт буюу гүний уурхайд хөрөнгө оруулах тухай ярихгүй бол нэмэлт хөрөнгө оруулалт өнөөдөртөө хийх шаардлагагүй байна. Үүнээс болж Монгол Улсад орж байгаа нийт хөрөнгө оруулалт буурч байгаа мэт харагдаж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин их муу болсон, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна, оруулахгүй байна гэсэн ийм яриа сүүлийн хоёр жилийн турш яригдсан. Стратегийн бүхий орд газар дахь хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнгөрсөн хугацаанд УИХ-аас хэлэлцэн баталсан. Гуравдугаарт, Урт нэртэй хуулийн хүрээнд бид алтны дундаж маягын компаниудын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Эдгээр гурван хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна, үүнийг арилгах чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Харин Засгийн газрын эрх мэдлээс давсан аливаа асуудал, хуулийг бид шаардлагтай гэж үзвэл УИХ-аар оруулж хэлэлцүүлэн шийдүүлнэ.
Валютын ханшны өсөлттэй холбогдуулан томоохон гүтгэлэгийн шинжтэй компанит ажил гадуур их явагдаж байна. Мөнгө их хаяж байна, хэвлэл мэдээллээр төлбөртэйгээр сөрөг мэдээлэл их гаргаж байна. Тиймээс, Шинэчлэлийн Засгийн газар тоогоор хөөцөлдөх биш, үнэн, худал яриа болгонд хариулт өгөх биш үндсэн гурван зорилт дээрээ яаж ажиллах вэ гэж бодож ажиллаж байна.
Бид 9 дүгээр сар гаргаад Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн ажлын тайланг ард түмэндээ тавина. Тэр үеэр юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгээ ил тод ярина. Бидэнд ард түмнээсээ нуух юм юу ч байхгүй. Болж байгаагаа болж байна, болохгүйгээ болохгүй байна гэж бид хэлнэ. Ард иргэдтэйгээ болохгүй, бүтэхгүй байгаа ажлаа хамтын хүчин чармайлтаар засаад явна.
Түүнээс биш өнөөдөр үүсээд байгаа жижиг хүндрэл, бэрхшээлийг ашиглаж үзэл суртлын нэвтрүүлэг, компанит ажлыг өрнүүлснээр ард иргэдийн ахуйн амьдрал дээшлэхгүй юм. Харин ч бид ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэл дээр онцгой анхаарал тавьсаар байх болно.
Ер нь тэгээд ч манай улсад цагаан сар болон намар сургууль соёл зэрэг олон юм нэгэн доор цуглахаар валютын эрэлт хэрэгцээ их нэмэгддэг уламжлалтай шүү дээ. Гэтэл гадуур үүнээс болж Засгийн газрын мөнгө нь багассан байна, татварын хуулинд өөрчлөлт оруулах гэж байна, татвараа нэмэхээр оролдож байна гэсэн яриа гаргасан байна. Энэ огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг би Засгийн газрын тэргүүний хувьд хэлье.
Татвар нэмнэ гэсэн ойлголт байхгүй, харин татварын хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа зүйл бий. Учир нь Монгол Улсад “Х” тайлан гэдэг зүйл хавтгайрсан байна. Маш олон аж ахуйн нэгж ямар ч татвар төлдөггүй. Ийм тохиолдолд яах вэ гэсэн зохицуулалтын юм яригдаж байгаа юм.
Хоёрдугаарт, валютын ханш нь өсчихсөн учраас бензин шатахууны үнэ нэмэгдэнэ гээд бас гадуур яриад байна лээ. Дахиад хэлье, бензин шатахууны үнэ мөн нэмэгдэхгүй ээ. Нэмэгдэхгүй байх зохицуулалтыг Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд орон нутгийн сонгуулийн өмнө бараг зодоон цохион болж байж нефтийн компаниудтай учраа олж, бодлогоо тодорхойлсон шүү дээ. Тиймээс тэр үед учраа ололцсон бодлого өнөөдрийн хүндрэлтэй энэ цагт үр дүнтэй юм байна гэдэг нь харагдлаа.
Мөн ипотекийн зээлийн 8 хувийн мөнгө нь дуусаад, тасрана гэсэн юм байхгүй.
Оюутолгой компани өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Анхныхаа хөрөнгө оруулалтыг хийгээд дууссан болохоос биш анхныхаа зэсийн олборлолтоо хийгээд, ачаад гаргаж байгаа. Очоод үзээрэй. Ажил нь хэвийн явагдаж байна. Харин оюутолгой дээр нэг асуудал хойшлогдсон уу гэвэл хойшлогдсон. Тэр нь гүний уурхайд хийгдэх нэмэлт хөрөнгө оруулалтын асуудал түр хугацаагаар хойшлогдсон. Тэнд 63 хүний ажлын байрны асуудал хөндөгдсөн, тэдгээр хүмүүсийг дотор нь шингээж ажлыг нь үргэлжлүүлэх асуудлыг манай салбар хариуцсан сайд холбогдох албаны удирдлагтай нь ярилцаж байна. Цаана нь яригдаж байгаа туслах компаниудын 1700 гаруй хүмүүсийн ажлын байрыг шаардлагтай гэж үзвэл Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэх чадалтайгаа байгаа гэдгийг хэлмээр байна. Иймэрхүү юмыг шийдэж чадахгүй Засгийн газар гэж байгаад ч яах юм, бид энэ жил 37 мянган шинэ ажлын байр бий болгож чадсан Засгийн газар шүү.
Өмнө нь би та нарт хэлж байсан. Тавантолгой урд нь 350 сая ам.долларын өртэй байснаас, 180 сая ам.долларыг нь өгчихсөн. Үлдсэнийг нь энэ зунжингаа ажлаад өвөл гэхэд зээлээ төлөөд дуусгана. Гэхдээ бид зүгээр суусангүй, баруун талын цанхийг нь нээгээд 2.5 сая тонн нүүрсийг энэ үлдэж байгаа хугацаанд экспортлоно. Нүүрсээ экспортлоноо гэдэг бол баруун талын цанхиас ам.доллар орж ирнээ гэсэн үг. Харин зүүн талын цанхийг нь аваад идчихсэн ч гэсэн яаж дахин шинээр ам.доллар болгон босгох вэ гэдэг дээр бид нар хөтөлбөр гарган ажиллаж байна. Боломжит, боломжоороо гадагшаа гаргаж болох юмнуудаа гаргаад, гаднаас нэг их шаардлагагүй аваад байхааргүй юмнуудыг авахгүй байх тал дээр ажиллаж байна.
Бид нүүрсээ гаргаж байгаа компаниудыг дэмжинэ. Яаж дэмжих вэ гэвэл нүүрсээ гаргаж байгаа ганц компанийн замыг улсад аваад, тэрхүү замаар нүүрсний компаниудаа хөнгөлөлтэйгээр үнээр нүүрсээ тээвэрлэх боломжийг нь нээж өгөх юм. Цаашлаад нүүрсээ түүхийгээр нь гаргаад байх биш, угаах, баяжуулах дунд хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.
MNB.MN: Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт хийгдэх байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний анхны үндэслэл нь өөрчлөгдсөн мөртлөө 6 тэрбум төгрөг нь анхныхаараа хэвээрээ батлагдсан нь ихэд анхаарал татаж байна. Мөн энэхүү судалгаа, үнэлгээний тендер нь болоогүй байхад тус бүс нутагд судалгаа, үнэлгээ хийх компаниар төв аймагт бүртгэлтэй монголын “Natural sustainable”, австралийн “Sustainabiliy” компаниудын хамтарсан консерциум ажиллана гэсэн мэдээлэл байна. Дээрх асуултанд хариулт өгнө үү?
Би уг нь ихэнх юмаа бараг мэддэг. Гэхдээ наадахыг чинь огт мэдэхгүй юм байна, бүх юманд хүрч чадахгүй учраас... Сайншандын аж үйлдвэрд шаардлагтай эхнийн ээлжийн хөрөнгө мөнгийг Засгийн газар зориулалтынх нь дагуу батлаад өгсөн. Харин тэр 6 тэрбум төгрөгийн асуудлын талаар салбар хариуцсан сайд Х.Баттулга болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын захирал нараар тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг тусгайлан өгүүлэх ажлыг Мөнхтөр дарга та зохицуулаад өгчих. Би тэр нарийн ширийн процессийг нь сайн мэдэхгүй ч, ихэнх чухал юмнуудаа гадарлаж байгаа шүү.
Монгол ТV: “Мянганы Сорилтын Сан”-гийн төсөл, санхүүжилт Монгол Улсад хэр амжилттай хэрэгжиж байгаа вэ гэж та үздэг вэ? Зарим нэг дарга нар мөнгө завшсан байж магадгүй асуудлаар хуулийнханд шалгагдаж байгаа шүү дээ?
“Мянганы Сорилтын Сан”-гийн шугмаар хэрэгжиж байгаа төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. Бид нар 9 дүгээр сарын 5-ны өдөр Сайншанд хүрч байгаа автозамыг хүлээж авна. Энэ мэт техник мэргэжлийн сургууль, эрүүл мэндийн салбарт олон төсөл амжилттай явагдаж байгаа. Тиймээс бид Америкийн ард түмэнд талархар учиртай. Харин манайхны дотор талын асуудал манай асуудал юм. Хэн нь чухам яасан ийсэн гэдгийг хуулийнхан тогтоох биз.
SBN TV: 9 дүгээр сарын 16-нд УИХ-ын ээлжит бус хуралдаанаа хийнэ. Төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Тиймээс Засгийн газрын зүгээс төсвийн ямар тодотголуудыг хийж байгаа вэ? Зардлыг танах ямар боломж байна вэ? Хоёрдугаарт, Оюутолгой дахь туслах компаниудын 1700 ажилчдын авч буй цалинг үргэлжлүүлээд өгөх ажлын байр манайд монголд бий юу?
Бүх хүндрэлийг даван туулья гэсэн. Гэхдээ Засаг биш, хамтдаа даван туулна. 1700 хүний асуудлаар Засгийн газрын хэмжээнд ярьж, хэлэлцэх асуудал байвал хэлэлцэе. Юугаа нуугаад байгаа юм, хэдэн хүн халагдаад байгаа юм. Халагдаж байгаа хүмүүсийн хувьд бид баярлаад байгаа юм байхгүй. Шинэ ажилдаа болгоё. Шинэ ажил нь заавал оюутолгойд авч байсан шиг цалинг өгнө гэж бид амалж чадахгүй. Тийм юм байхгүй, ажлын байраар яаж л бол яаж хангаж чадна гэдэгтэй итгэлтэй байна.
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар, хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулья. Энэхүү хуулинд, гадаад, дотоод аль нь ч бай таны хөрөнгө оруулалт хөдлөхгүй шүү гэсэн санааг тусгаж өгөх гэж байгаа юм. Бид энэ хуулиа “Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах”, “Хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах” гэдэг аль нэг нэрээр нэрлэх байх, одоогоор хуулийн оновчтой нэр олоогүй байна, яригдаж байна. Өөрөөр хэлбэл хэнбгуай ч хөрөнгө оруулсан байсан ч тухайн хууль нь маш энгийн ойлгомжтой байхаар бид бодож, судалж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа засаж байгаа нэг хэлбэр ч гэж ойлгож болно.
Төсвийн тодотгол гэж одоохон доо яригдаагүй байна. Төсвийн тодотгол хийх шаардлага гарвал УИХ-руу асуудлаа оруулна.
С1 TV: Оюутолгой далд уурхайд нэмэлт хөрөнгө оруулна гэдэг яриа хаанаас гараад байгаа юм. Хэрэв ийм зүйл болвол Монгол Улсад ашиггүй гэсэн яриаг эдийн засагчид хэлж байгаа. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? Мөн өнгөрсөн 7 хоногт ҮАБЗ-ийн одоогийн ба хуучин гишүүд бүгд уулзалдсан. Тэрхүү уулзалтаас ямар шийдэл санаа гарсан бэ?
Хуучин ҮАБЗ-ийн гишүүдийг нэг дор цуглуулаад цаг үеийн талаар мэдээлэл хийсэн. Үүсээд байгаа нөхцөл байдал дээр ҮАБЗ-ийн гишүүний ажил албыг хашиж байсан дарга нарын хувьд санаа оноогоо хэлнэ үү гэж бид хүссэн. Тэд хөрөнгө оруулалтыг тогтвортой болгоё, экспортыг дэмжье гэдэг санааг ҮАБЗ-ийн хурлаас гаргасан юм.
Далд уурхайн нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлаар манай “Эрдэнэс Оюутолгой” компанийн албаны хүмүүс Лондонд очиж яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.
Монгол TV: Баялаг бүтээгч компаниудыг та хэрхэн яаж дэмжиж ажиллах вэ?
Нэгдүгээрт, бизнесийнхэн өөрсдөө улс төрийн цаваан юманд хутгалддагаа болих хэрэгтэй. Хоёрдугаарт, урдах ажлаа хийх хэрэгтэй. Гуравдугаарт, Засаг төрийн баялаг бүтээгчдийн ажилд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.


















