Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.БУЯНЖАРГАЛ: Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан...

Энэ залуутай уулзаж суухад амьдралын өнгө, дуу чимээ хоёр салшгүй холбоотой юм байнаа гэдгийг ойлгож билээ. Дөнгөж 34-хөн настай 11-3 насны хүүхдүүдтэй өрхийн тэргүүн энэ залуу хэдийгээр сонсох чадвараа 100 хувь алдсан ч өөрийнхөө төлөө биш үр хүүхдийнхээ төлөө тэмцэж, бас амьдрахын төлөө зүтгэх хэр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Н.БУЯНЖАРГАЛ: Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан...
Н.БУЯНЖАРГАЛ: Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан.... Зураг: МҮОНРТ

Энэ залуутай уулзаж суухад амьдралын өнгө, дуу чимээ хоёр салшгүй холбоотой юм байнаа гэдгийг ойлгож билээ. Дөнгөж 34-хөн настай 11-3 насны хүүхдүүдтэй өрхийн тэргүүн энэ залуу хэдийгээр сонсох чадвараа 100 хувь алдсан ч өөрийнхөө төлөө биш үр хүүхдийнхээ төлөө тэмцэж, бас амьдрахын төлөө зүтгэх хэрэгтэй гэж тэрээр цаасан дээр бичиж өгснийг уншаад өөрийн сэтгэл шимширч байсан юм.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Хэзээнээс эхлэн өвдөж эхэлсэн юм бэ?
-Намайг Намсрайн Буянжаргал гэдэг. Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Одоо нийслэлийн ХУД-ийн 9-р хороонд амьдардаг. Эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань “Улаанбаатар принт” ХХК-д чанар шалгагч хийдэг, том хүү Б.Билгүүн, дунд хүү Б.Сүхбат 114-р сургуульд суралцдаг, бага охин Б.Азжаргал 134-р цэцэрлэгт хүмүүжиж байна. Би ажил төрлөө хийгээд сайхан л амьдарч байсан. Тухайн үед Атар өргөө” ХХК-д технологич хийж байсан юм. Гэтэл 2010 оноос эхэлж байнга толгой өвдөж хааяа тэнцвэр алдаж ухаан алдаж надаг болсон. 2012 оны 12-р сараас сонсгол жаахан муудаж эхэлсэн юм. Тиймээс шинжилгээ өгтөл зүүн чихний мэдрэлийн судастай наалдаж ургасан хавдар байна гэсэн онош гарсан. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн.
-Ямар эмнэлэгт хагалгаанд орсон бэ? Хагалгаа хэр амжилттай болсон бэ?
-Би 2013 оны долдугаар сарын 1-нд Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт тархи мэдрэлийн тасагт хагалгаанд орсон. Хагалгаанд орохоос өмнө мэдрэлийн судсанд наалдсан хавдар байна, сонсголд нөлөөлөхгүй гэж байсан. Гэвч хагалгаа хийх үед хавдарыг судаснаас салгаж авах боломжгүй наалдсан байсан учраас судастай нь хамт хавдрыг давхар авсан. Тэр өдрөөс хойш бүрэн сонсголгүй болсон.
-Мэдээж юм сонсохгүй байна гэдэг хэцүү байх...?
-Үнэхээр хэцүү. Хамгийн харамсалтай нь 100 хувь сонсох чадвараа алдсан. Хүмүүсийн ам л хөдлөөд байна. Тэднийг нүднийх нь харцаар л надад хандаж ярьж байна даа гэж боддог. Хүнтэй харилцахын тулд заавал бичиг цаас хэрэгтэй болно. Дэлгүүрт орсон ч үзэг бал хэрэгтэй болдог. Намайг юм сонсдоггүй юм байна гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тийм болохоор төвөгшөөсөн, уцаарласан маягтай байгааг нь би нүүрнийх нь хувирлаас л олж мэддэг. Гадуур ганцаараа явахад хэцүү. Машины дуу сонсохгүй. Машинд дайруулчих гэж сандарна. Манайд явган хүний зам тэр бүр байхгүй. Дээрээс нь нэг булан тойроход л машин хар хурдаараа гараад ирнэ. Энэ бүхэнтэй эвлэрч амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Хамгийн гол нь үр хүүхдийнхээ болон хань ижил найз нөхдийнхөө дуу хоолой сонсохгүй үнэхээр хэцүү байдаг юм байна. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг аймшигтай.
-Таны энэ өвчнийг эмчлэх боломжтой юу?
-Боломж бол бий. Хагалгаанд орсныхоо дараа “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт шинжилгээнүүд өгсөн. Энэ эмнэлэг хагалгаанд ороход бүрэн эдгэрэх боломжтой гэж зөвлөсөн. Австралийн “Cochlear Implant фирм”-ийн “Таг дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгац” гэж байдаг юм байна. Энэ суулгацыг баруун чихэндээ нэн яаралтай суулгахгүй бол цаашид хэл ярианы чадвараа бүрэн алдана гэж эмч нар хэлсэн. Хүний сонсгол, хэл яриа хоёр салшгүй холбоотой байдаг юм байна. Сонсохгүй хүн ярьж чаддаггүй гэнэ. Гэвч хагалгаа, эмчилгээний төлбөр 50 орчим сая төгрөг болохоор байгаа.
-Хагалгааны төлбөр өндөр юм байна? Танд туслаж дэмжих хүмүүс бий юу?
-Үнэндээ миний хувьд 50 сая төгрөг гэдэг асар их мөнгө. Би жил гаруй гэртээ сууж байна. Надад группын мөнгөнөөс өөр орлого байхгүй. Хагалгаанд орсноос хойш тархи хүчтэй өвддөг болсон. Тиймээс группынхээ мөнгөөрөө өөртөө эм тариа аваад л таардаг. Эхнэрийнхээ цалингаар амьдарч, гурван хүүхдээ эхнэр маань л тэжээж тэтгэх гэж ганцаараа зүтгэж байгааг харах үнэхээр хэцүү санагддаг. Тиймээс сайхан сэтгэлт Монголчуудаасаа тусламж хүсэхээр шийдсэн юм. Эрүүл байхад дуу чимээ гэдэг төвөгтэй санагддаг байжээ. Хүүхэд шуугиах, машин дуут дохиогоо хангинуулах, хүмүүс чанга ярихад хүртэл төвөгтэй мэт бодогддог байсан. Харин одоо тэр бүхнийг ганцхан удаа ч гэсэн сонсохыг хүсэж байна. Охиныхоо инээхийг, хүүгийнхээ дуулахыг, ханийнхаа аргадаж зэмлэхийг ганц удаа ч гэсэн сонсох юмсан...
...Бид хоёр бичгээр ярилцсан юм. Өдгөө 34-хөн настай даруухан энэ залуу “Хүн эрүүл байх шиг аз жаргал гэж байдаггүй юм шүү” хэмээн дэвтэрнийхээ буланд бичээд надад үзүүлсэн. Хэдийгээр тэр инээмсэглэхийг хичээж байсан ч нүдэнд нь нуугдсан гуниг арилж өгөхгүй байна билээ. Гэхдээ л тэрээр надад туслах сайхан сэтгэлт хүмүүс олон байгаа гэдэгт итгэж байгаа гэж бичсэн үгнүүдийг дахин дахин зааж байсан. Тэрээр найзуудаасаа мөнгө зээлж, мессежний тусгаар дугаар авсан гэнэ. Монголчууд минь Н.Буянжаргал хэмээх энэ залууд сэтгэлийн, итгэлийн дэм өргөж, тусламж, дэмжлэг үзүүлцгээе.

Хандив өргөх мессежний тусгай дугаар: 150850
Хандивын данс: Хаан банк – 5071108290, Голомт банк – 1109219104
Харилцах утас 96665883, 99616467

shudarga.mn

Хуваалцах