Н.Удвал сайд Геронтологийн үндэсний төвийн ажил байдалтай танилцав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс өнөөдөр Геронтологийн үндэсний төвийн ажил байдалтай танилцлаа.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс өнөөдөр Геронтологийн үндэсний төвийн ажил байдалтай танилцлаа.
Тус төв нь 2005 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 40 эмч, ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн оны эхний зургаан сарын байдлаар нийт 11.227 өндөр настанд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд Эрүүл мэндийн сайдад өөрийн төвийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй хэдэн асуудал байгааг учирлалаа. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дийлэнх хувь нь ашиглалтын хугацаа дууссан, засвар үйлчилгээ хийх гэхээр сэлбэг олддоггүйгээс зарим тоног төхөөрөмжийг ажиллуулж чадахгүйд хүрсэн талаар хэлж байв. Иймд эмнэлгийн зүгээс иргэдэд хүргэх үйлчилгээний чанарт хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмж нөлөөлөх тал бийг хэллээ. Түүнчлэн тус төвийн авто машины парк шинэчлэх, байрны их засвар хийх, нарийн мэргэшлийн эмч нарын орон тоог нэмэгдүүлэх зэрэг асуудал байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал дээрх асуудлуудыг анхааралдаа авч, шийдвэрлэх талаар хэлж байсан юм. Мөн Эрүүл мэндийн сайдын ГҮТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах ажлын үеэр тус төвөөр үйлчлүүлж буй иргэд эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.


















